Истанбулд цагдаагийн автобусыг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-07 16:39:22

ИСТАНБУЛ. /ВВС/. Истанбул хотын төвд цагдаагийн автобусанд дэлбэрэлт болсны улмаас таван хүн шархадлаа гэж Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Уг тээврийн хэрэгслийг Везнецилер дүүрэгт явж байхад нь алсын удирдлагатай тэсрэх төхөөргөөр дэлбэлсэн гэх мэдээлэл байна.

Курдын салан тусгаарлагчидтай харилцаа хурцадсан болон хойд хөрш Сирид зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаагийн уршгаар Турк улсад сүүлийн үед хүчирхийлэл газар авсаар байгаа юм.

Одоогоор ямар нэгэн бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй байна.

Туркэд сүүлийн үед болсон халдлагуудыг “Лалын улс” болон Курдын босогчид зохион байгуулж байсан билээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ “террорист бүлэглэлүүд Туркийн аюулаас хамгаалах хүчний өмнө хүчин мөхөсдөж байгаа учраас одоо тэд энгийн номхон иргэдийг онилж байна” гэжээ.

Турк улс нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Ирак болон Сирид цэргийн ажиллагаа явуулах зорилгоор тус улсын "Инжирлик" нисэх хүчний баазыг ашиглахыг эвсэлд зөвшөөрсөн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ