Таван сарын хугацаанд Москвагийн метрогоор нэг тэрбум хүн зорчжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /TASS/. Он гарснаас хойших хугацаанд Москва хотын метрогоор 1 тэрбум орчим хүн үйлчлүүлсэн гэж тус хотын Тээврийн газрын орлогч дарга Гамид Булатов мэдээллээ.
“Өдөрт дунджаар 8 сая хүн метроны вагонд сууж байна. Метро бол хэзээ ч унтдаггүй газар дорх бүхэл бүтэн хот юм” гэж тэрбээр ярьж байна.
Түүний ярьснаар, өглөөний оргил ачааллын үед 1 сая орчим хүн метроны буудлууд болон дамжих гарцууд дээр байдаг ажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Москвагийн метро 8,5 сая хүнийг тээвэрлэсэн нь дээд амжилт болсон гэнэ.
Москвагийн метроны шугам өнөөдөр нийт 333,3 км урт бөгөөд 200 станцтай болжээ. Өдөр бүр 90 сек-ийн зайтайгаар 10 мянга гаруй галт тэрэг зорчигчдод үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар, метро нь Москва хотын нийтийн тээврээр зорчигчдын 56 хувийг тээвэрлэж байгаа ажээ. Хөдөлгөөний ачаалал, найдвартай байдал болон зорчигчдын тоогоор Москвагийн метро дэлхийд тэргүүлдэг бол бусад үзүүлэлтээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.
Х.Сарнай