Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо дөрвөн долоо хоног дараалан буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-10 17:52:53

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн долоо хоног дараалан буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт халдварын 3.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 17 хувиар буурчээ. Мөн дэлхийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын сүүлээс хойш долоо хоногт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


COVID-19”-ийн шинэ тохиолдлуудыг улс орноор авч үзвэл, АНУ-д хамгийн олон буюу 871 365 хүн шинээр халдвар авчээ. Гэсэн хэдий ч энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлт ажээ.


Мөн Бразил, Франц, ОХУ, Их Британи нь хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоонд багтжээ. Бүс нутгаар авч үзвэл, Африкт халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн их буюу 22 хувиар буурсан бол Газар дундын тэнгисийн зүүн бүсэд хоёр хувиар буурсан нь хамгийн сул үзүүлэлт болжээ. 


Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 105.4 сая хүн халдвар авч, 2.3 сая хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ