Б.Азжаргал: Ирэх дөрвөн жил бүтээн байгуулалтын он жилүүд байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-14 13:36:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ирэх дөрвөн жилд хийх ажлын талаар товчхон ярилцлаа. Дархан сумын засаг даргаар найман жил ажилласан түүний хувьд өнгөрсөн найман жилд эхлүүлсэн ажлыг дуусгах, цаашид үргэжлүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв. 

-Та аймгийн Засаг даргаар томилогдорд хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дөрвөн жил бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлаа төлөвлөн батлуулж дууссан байх. Чухам ямар ямар гол ажил хийхээр зорилт дэвшүүлсэн бэ? 

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд хүнд хэцүү цар тахлын үе таарсан учраас ард иргэдээ авран хамгаалах, нийтийн бэлэн байдлын хариу арга хэмжээ авч ажиллалаа. Бас энэ ажлын хажуугаар хуулинд заасан хугацааны дагуу 12 дугаар сарын 5-ны дотор аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө батлагдсанаар түүнд тусгагдсан ажил, арга хэмжээг 2021-2024 онд зохион байгуулахаар зургаан бүлэг, 25 зорилттой, 95 хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэйгээр баталж, нийтдээ 21 дэд хөтөлбөр, 66 зорилт, 267 арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

-Дөрвөн жил хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрт ямар ямар гол зорилт дэвшүүлсэн бэ? Мэдээж аймаг орон нутгаа хөгжүүлэх, дөрвөн жилийн эцэст хүрэх үр дүнгээ тооцоолж гаргасан байх даа? 

-Миний бие аймгийн Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилийг бид өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх, тавьж байгаа гол зорилт бол ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйл ажиллагаа нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан, түргэн шуурхай, авлига, ашиг сонирхлоос ангид байх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Хувийн хэвшлийн хувьд дээр дурдсанчлан дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллага нь өөрөө нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, цахимжсан, мөн л авлига ашиг сонирхлоос ангид гэсэн ийм хоёр том зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Засаг даргын 21 дэд бүлэг, 66 зорилтын хүрээнд их олон үйл ажиллагааг тусгаж, салбар бүхэнд шинэчлэл хийсэн он жилүүд байгаасай гэж ажлаа төлөвлөсөн. 

-2021 он гараад эхний улирал үргэлжилж байна. Он болгон өөрийн гэсэн бас нэг онцлогтой байдаг? 

-Энэ 2021 оны онцлог гэвэл Дархан хот байгуулагдсаны 60 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Тиймээс бид Дархан хотынхоо тэгш ойгоо угтаж 60 бүтээлч ажил хийх санаачилга гаргаж байгаа. Эдгээр 60 бүтээлч ажлын маань хуучин жаран жилийн хугацаанд Дархан хотыг бүтээн байгуулж, бүтээн босгосон тэр бүхнийг сайжруулахад анхаарлаа хандуулна. Тухайлбал: Өнгөрсөн цаг хугацааныхаа бүтээн байгуулалтуудыг арчилж хамгаалж сайжруулья гэж зорьж байгаа. Жишээ нь бидний сайн мэдэх “Найрамдал өндөрлөг”, “Хос багана”, зургаан орны бэлгэдэл болсон “Миний Монгол цэцэглэгт хүрээлэн”-д байдаг цогцолбор зэрэг аймгийнхаа хэмжээний өмнөх бүтээн байгуулалтуудыг сэргээн засварлах ажлуудыг хийнэ. Бас нэг томоохон ажлуудыг эхлүүлэх гэж байгаа маань дөрвөн жилийн хугацаатай “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д 6.9 га газрыг дахин төлөвлөлтөд оруулж “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-т чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг гурван насны ангиллаар нь, хүүхэд залуучууд, дунд, ахмадууд гэсэн ангиллаар таатай орчныг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгээр уг цогцолборын үйл ажиллагааг дэмжиж сайжруулах зорилгоор ажлаа төлөвлөсөн. 

-Аймгийн хэмжээнд жил бүр л хөрнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг, тэр нь жилээс жилд нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг байсан. Харин 2021 оны хувьд хэдий хэмжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийх вэ? 

-Энэ жилийн тухайд гэвэл улсын болон “Орон нутгийн хөгжлийн сан” зэрэг хөрөнгө оруулалтуудаар нийтдээ 45 орчим тэрбум төгрөгөөр 100 орчим төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хамгийн томоохон хэсэг бол авто замд хөрөнгө оруулалтыг сайжруулах ажил. Үүн дотроо Дархан-Шарын голын авто замын ажилд нийтдээ 11 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Энэ жил бид Дархан сумын 15 дугаар багаас эхлээд Шарын гол руу гараад явдаг тэр хэсгээс нь эхлүүлэхээр төлөвлөсөн. Дараагийн ажил бол Дархан хотын гуравдагч магистрал авто замын шинэ Дархан, долдугаар багтай холбогдсон авто замын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Мөн гэр хорооллын найман хэсэг байршилд зам сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Хорооллын доторх авто замыг сайжруулах ажлууд ч бас хийнэ. Гэрэлтүүлэг гэхэд л бид 1900 орчим гэрэлтүүлгийг шинээр тавихаар төлөвлөж байна. 

-Өмнө нь эхлүүүлсэн төсөл, хөтөлбөрүүд гэхээр ямар ямар төслүүд байна вэ? Жаахан тодруулж жишээ авч ярьж өгөөч? 

Дархан хотын “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинэчлэх ажлыг энэ 2021 онд бүрэн дуусгахаар ярилцаж байна. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй гадны хөрөнгө оруулалт, гаднаас мэргэжилтнүүд ирэх зэрэг нь цаг хугацааны хувьд сааталтай явж байгаа. Олон жил хүсэн хүлээж байгаа “Дархан-Спорт цогцолбор”-ын ажлыг бид бас энэ онд нь багтааж дуусгахаар чармайн ажиллаж байна. Энэ чинь биднээс шалтгаалахгүйгээр ЭМЯ болон БШУЯ-нд тендерүүд нь зарлагдаж тэндээсээ санхүүжилт нь ирдэг, аймаг орон нутаг тэр болгоныг үргэлжлүүлэх бололцоо байдаггүй. Энэ ажлыг ямартаа ч 2021 ондоо багтааж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. “Миний Монгол цэцэрлэгт хүрээалэн”-д орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн Хөл бөмбөгийн ногоон талбайн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн, ажлаа дуусгаж хүлээж авна. Дархан сумын нэг, наймдугаар багийг холбосон, өөрөөр хэлбэл Тосгоны 1, 2, 3 дугаар баг руу Микрийн наймдугаар багаас шууд холбогдох авто зам, гүүрийн замын ажлууд өнгөрсөн онд эхэлсэн, энэ ажил хоёр, гурван жил дамнаж хийгдэх ёстой. Энэ жил хийх 1,6 тэрбум төгрөгийн ажил байгааг үргэлжлүүлэн зохион байгуулж хийх төлөвлөгөөтэй явж байгаа. Дархан хотын орон сууцны хорооллуудын доторх авто замуудад хэд хэдэн хэсэгт нь анхаарал хандуулж байна. Энэ нь шинээр байгуулж байгаа авто зам буюу бидний нэрлэдгээр 25 дугаар хорооллын өмнөх зам бол “Олон улсын худалдааны төв”-ийн уулзвар буюу 25 дугаар байрны замтай нийлүүлэх энэ ажлыг бас бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.Ер нь цаашдаа бид хөрөнгө оруулалтын ажлыг авто замын шинэчлэл, гэр хороололд мөн л авто замыг нь сайжруулах, гэрэлтүүлгийг нь сайжруулах гэсэн ийм томоохон ажилд анхаарлаа хандуулж байна.

-Өнгөрсөн онд эхэлсэн Дархан хотын ялангуяа шинэ Дарханы орон сууцуудын гадна талын засвар шинэчлэлтийн ажлыг цаашид үргэлжилж хийх үү?

-Мэдээж, орон сууцны хороолол доторх орон сууцны барилгын засвар гадна пасадын гэрэлтүүлэг, дээвэр, инженерийн шугам хоолойтой холбоотой тавигдсан ажлуудыг хийнэ. Хамгийн гол чухал ажил бол гэрэлтүүлэг, авто зам гэдэг дээр төлөвлөж цаашид ч бас дөрвөн жил энэ чиглэлээр бодлогоо барьж ажиллана гэсэн зорилго байгаа. Ер нь гэр хорооллын хөгжил гол нь авто зам байна. Нөгөө талаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ аюулгүй орчинд зорчих хөдөлгөөн, гэрэлтүүлэг гол байр эзэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилийн хуцацаанд Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хийх гэрэлтүүлгийн ажлыг хүлээгээд зогсонги байдалтай байсан. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр өөрсдийн боломжоороо гэрэлтүүлгээ энэ жилээс хийе гэдэг саналыг аймгийн ИТХ-аар дэмжсэн болохоор энэ ажлыг үргэлжлүүлж хийнэ. 

-Аймгийн хэмжээнд жил бүр л сургууль, цэцэрлэг шинээр баригддаг байсан. Энэ 2021 онд барихаар төлөвлөгдсан сургууль, цэцэрлэг байгаа юу? 

-Байлгүй яахав, бид бусад салбарын хувьд тухайн тухайн салбарт нь хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлээд хийгээд явна. Тухайлбал: Өнгөрсөн дөрвөн жилд бид 10 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Тэгвэл энэ жил хоёр цэцэрлэг барьж ашиглалтад оруулна. Орхон сумын цэцэрлэгийн өргөтгөлийг хийх бол Дархан сумын “Өргөө баг” дээр шинээр нэг цэцэрлэг барьж ашиглалтад оруулна. Мөн Эко сургууль гээд 960 хүүхдийн сургууль 15 дугаар багт баригдана. Тосгоны буюу Дархан сумын гурван багт зориулсан 360 хүүхдийн барилга, дөрөвдүгээр сургуулийн барилгын ажлыг дуусгана. Боловсролын салбарт бид эдгээр ажлуудыг хийснээр Дарханы бүх сургууль хүүхдээ 99 хувь хүртэл хамруулах боломжтой болох юм. Энэ жилийн есдүгээр сарын нэгнээс эхэлж арваас дээш бүлэгтэй цэцэрлэгүүдэд яслын бүлэг нээхээр болж байгаа. Энэ нь 1-2 настай хүүхдүүдийг авдаг бүлэг нээх юм бол тэр хэмжээгээр эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломж нь нээгдэнэ гэж бид харж байгаа. 

-Ер нь Монгол Улсын ч, Дархан-Уул аймгийн ч хөгжилд онцгой хувь нэмэр оруулах Дархан хотод барьж байгаа “Арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалт олны анхаарлыг татаж байгаа ажил, одоо ямар шатанд явж байна вэ? Энэ жил ямар ямар ажлууд хийх вэ? 

-Би түрүүн хийх ажлаа тодорхойлохдоо төр, хувийн хэвшлийн хамгийн том чухал ажил бол ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг бүх шатанд нь дэмжиж ажилланаа гэдгээ илэрхийлсэн. Энэ ажлын хүрээнд бид нэг түц, нэг гутал засвар ажиллуулдаг, гар дээрээсээ худалдаа эрхэлдэг хүн болгоныг ажлын байраар хангаж саад болохгүйгээр ажлаа хийдэг энэ боломжийг нь бүрдүүлж хангаж өгөх нөхцөлийг бүрдүүлж нээж өгнө. Түүнчлэн томоохон, аж үйлдвэрийн парк, худалдаа үйлчилгээний төвүүд, үйлдвэрүүд ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Бидний барьж байгаа хамгийн том бодлого бол таны асуусан “Арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалт. Оны өмнөхөн зуун хувь улсын үйлдвэр болгож зарлалаа. Ингэснээр зохион байгуулалтын хувьд бас өөрчлөгдөнө. Улсын төсвийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр шаардлагатай байгаа, өнөөгийн байдлаар дэд бүтцийн ажлууд нь ерөнхийдөө хийгдэж дууссан, зарим санхүүжилтийг нь татсан байгаа. Шинэ бүтэц яам байгуулагдсанаар үүнийг дэмжиж явах бүрэн боломжтой. Энэ цогцолбор ашишлалтад орсноор Улаанбаатар хотод байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Дарханд төвлөрүүлэх хүрээнд ажил урагштай явна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын нэг бол энэ. Бид ямартаа ч энэ дөрвөн жилд ашиглалтад оруулбал шууд ажлын байр бол 2500, дам ажлын байр 700 гэж одоогоор тооцож байгаа. Ингэж ажлын байр нэмэгдэж явах тал дээр Засаг дарга болон ЗДТГ, орон нутгийн удирдлага бүх талаар дэмжин ажиллана. 

-Сумдын хөгжил ирэх дөрвөн жилд яаж тодорхойлогдсон бэ? Мэдээж тус аймгийн сумд дэд бүтэц, зам харилцаа сайтай, ихэнх нь төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбогдсон онцогтой юм байна? 

-Манай аймаг чинь аймгийн төвийн сумаасаа гадна гурван сумтай, хөдөөгийн сумд бүгд өөрийн гэсэн онцлогтой. Нэг нь төмс хүнсний ногооны, мал аж ахуй, газар тариалангийн, нөгөө нь уул уурхайн чиглэлийнх гэсэн онцлогоороо хөгжлөө тодорхойлж байгаа Шарын голын хөгжил маань уул уурхайгаа дагасан хөгжлийн шинэ концепц хөгжүүлэх, зөвхөн нүүрсний уурхай гэлтгүйгээр Шарын голоо тойроод алтны маш олон лицензтэй уул уурхайн компаниуд бий. Үүгээр дамжуулсан шинэ бодлого боловсруулан төлөвлөж Засаг даргынхаа хөтөлбөрт тусгуулсан байгаа. Хонгор сумын тухайд Олон улсын төв зам дээр байгаа болохоор үүнийгээ түшиц болгож Дархан-Улаанбаатар хотын авто замын сүлжээн дээр байгаагийн хувьд өөрийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээ давуу тал болгох боломжтой. Мөн тус сум нь өөрөө газар тариалангийн том бүс нутаг учраас “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” гэж Монгол Улсын Засгийн газраас зарласан энэ бүс нутгийг хөгжүүлэх хамгийн том боломжтой сум юм. Орхон сум нь өөрөө хүнсний нарийн ногооны улсын хэрэгцээний бараг хорин хувийг дангаараа хангадаг. Үүний дагуу бид тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдэхийн төлөө хөгжлийнх нь хэтийн төлөвийг харж ажиллаж байна. Харин Дархан хот буюу Дархан суманд аймгийн нийт хүн амын бараг 90 орчим хувь нь оршин суудаг. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа Сууц өмчлөгчдийн холбоо, хотын ногоон байгууламжтай холбоотой гэх зэргээр Дархан хотыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнг үзэх гэж байгаа юм. Энэ бүхнийг бид ирэх дөрвөн жилд ажил хэрэг болгохыг Дархан сумын Засаг даргад үүрэг даалгавар болгосон. 

-Дархан хот анх, хот суурин газар гэдэг эрх зүйтэй байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газраас Дархан-Сэлэнгийг, газар тариалангийн болон эрчимжсан мал аж ахуйн бүс гэж зарласан. Энэ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажил юу байна? 

-Өмнөх дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд эрчимжсэн мал аж ахуй буюу Засгийн газраас баталсан энэ бүс нутгийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сум нь газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болсон. Тиймээс бид Хонгор сумыг түшиглэж мал аж ахуйгаа хөгжүүлье гэсэн зорилт тавьсан. Шилмэл сайн үүлдрийн үхэр сүргийн баазтай болж ганцхан жилийн хугацаанд зуу орчим үхэртэй байсан бол нэг дахин үржсэн. Энэ нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр мал аж ахуйн чиглэлээр явуулж байгаа иргэдийн малын үүлдэр угсааг өөрчилж солих боломжийг нь бүрдүүлж өгч байгаа томоохон ажил гэж үзэж байна. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд Дархан хотыг аж үйлдвэрийн бүс нутаг гэж зарлаж байгаагийн хувьд Дархан хот дотор мал оруулахгүй гэдэг хатуу бодлого барьж байгаа. Энэ зорилгын хүрээнд Дархан хотоос мал бүхий иргэдийг нэг мөр гаргах ажлыг энэ 2021 оны хавар бүрэн шийдвэрлэж дуусгахаар ажиллаж байна. Дархан хот дотор ногоон байгууламжтай, төвлөрсөн аж үйлдвэрийн хот дотор мал аж ахуй эрхлэхгүй, малтай иргэд зааж өгсөн бүс нутагт мал аж ахуйг нь эрхлүүлж гаргах зэрэг олон ажлыг амжуулахаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

                                                                                                      

Холбоотой мэдээ