Жо Байден, Биньямин Нетаньяху нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-18 09:51:30

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярилаа. Тэрбээр тус улс Арабын орнуудтай харилцаагаа хэвийн болгохыг дэмжиж байгаагаа мэдэгдэв гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Израил улс Араб, лалын ертөнцийн орнуудтай харилцаагаа саяхан хэвийн болгосныг АНУ дэмжиж байгааг Ерөнхийлөгч онцоллоо. Тэрбээр бүс нутгийн хэмжээнд, тэр дундаа Изриал, Палестины хооронд энх тайван тогтоохын төлөө ажиллах нь чухал болохыг цохон тэмдэглэв” гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


Хоёр орны удирдагчид мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, Ираны талаар цаашид нухацтай хэлэлцэж байхаар тохиролцжээ.


АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны идэвхтэй зуучлалаар АНЭУ, Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай баримт бичигт Израилын тал 2020 оны есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Гурван талын энэхүү гэрээг Баруунынхан ислам, иудей, христийн шашны бүх дагалдагчдын оюун санааны өвөг дээдэс гэж тооцогддог хуучин гэрээний патриархын нэрээр "Авраамын гэрээ" гэж нэрлэсэн юм.


АНЭУ, Бахрейнтэй энх тайван тогтоохоос өмнө Израил Арабын орнуудаас зөвхөн Египет, Иордантай дипломат харилцаатай байжээ. 2020 оны 12 дугаар сард тус улс Марокко улстай дипломат харилцаа тогтоох тохиролцоонд хүрсэн байна.


Холбоотой мэдээ