Оксфордын их сургууль хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-18 13:46:25

ЛОНДОН. /NHK/. Оксфордын их сургууль Их Британийн “AstraZeneca” компанитай хамтран гарган авсан коронавирусний вакциныхаа 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.


Оксфордын их сургууль 6-17 насны хүүхдүүдэд вакцины үзүүлэх дархлааны хариу урвал болон аюулгүй байдлыг үнэлэхийн тулд энэхүү судалгааг явуулж байгаа ажээ. Их Британид “Oxford-AstraZeneca”-гийн вакцинаар 18-аас дээш насны хүмүүсийг дархлаажуулах ажлыг хэдийн эхлүүлсэн юм.


Харин 18-аас доош насны хүүхдүүдэд вакцин хэрхэн үйлчлэхийг эмнэлзүйн туршилтаар тогтоогоогүй байгаа тул хүүхдүүдийг хамруулсан туршилтыг ийнхүү мягмар гарагт эхлүүлжээ. Эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд 12-17 насны хүүхдүүдийг оролцуулах бөгөөд судлаачид туршилтдаа 300 сайн дурын оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ.


Оксфордын их сургуулийн нэгэн судлаачийн мэдээлснээр, хүүхдүүдэд вакцин хэрхэн үйлчилж буй талаарх мэдээллийг цуглуулах нь тэднийг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлэх тул ихээхэн ач холбогдолтой ажээ.


Ташрамд дурдахад, АНУ-ын “Pfizer” компани мөн 12-15 насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаа явуулж байгаа юм.  

Холбоотой мэдээ