Говь-Алтай аймгийн хэмжээнд ашигт матмалын 139 тусгай зөвшөөрөл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-19 18:58:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 139 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 4,2 хувийг эзэлж байна.


2018-2020 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 25-аар буюу 237,4 мянган га-аар буурсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 5-аар буюу 3,1 мянган га-аар нэмэгдсэн тухай аймгийн БОАЖГ-аас танилцууллаа. 2020 оны байдлаар тус аймгийн 15 суманд хайгуулын 84, 12 суманд ашиглалтын 55, 4 суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 6 зөвшөөрөл тус тус хүчин төгөлдөр байгаа ажээ.

Түүнчлэн 2020 онд 11 сумын 33 талбайд 24 аж ахуйн нэгж байгууллага хуульд заасан эрх үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу нөхөн сэргээлтийн баталгаа дансанд 15 сая 525 мянган төгрөгийг байршуулан хэрэгжилтийг ханган ажилласан тухай мөн мэдээллээ. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 55 талбай бүртгэлтэй байгаагаас 2020 онд 8 талбайд төмрийн хүдрийн 1, нүүрсний-2, алтны шороон ордны-2 нийт 5 аж ахуйн нэгж олборлолтын, 3 талбайд 3 аж ахуйн нэгж ашиглалтын өмнөх хайгуулын үйл ажиллагаа явуулсан байна.  


Холбоотой мэдээ