Хүүхдээс ажлын цагт багтаан байцаалт авч байх зөвлөмж хүргүүлэхээр болжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-02-25 14:48:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газарт насанд хүрээгүй хүүхдээс ажлын 8 цагт багтаан байцаалт авдаг байх чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Өмнөговь аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2021 оны анхдугаар хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн аймгийн өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч бүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 1-2 гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байх, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргыг нэмж оруулахаар болсон байна. Үүнээс гадна БЭОТ-ийн Өсвөр үеийн клиникийн зөвлөгч эмчийн асуудлаар хорооны шаардлага хүргүүлэх, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2021 оны төлөвлөгөөг батлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд мэдээлэл солилцож, салбар дундын уялдаа холбоогоо сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Ташрамд дуулгахад, Өмнөговь аймаг сар бүрийн нэгнийг "Хүүхдээ сонсох өдөр" болгосон билээ.
Холбоотой мэдээ