Хэнтийн хойд, Дорнодын нутгаар ирэх сард хур тундас ихтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-28 11:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өнгөрсөн жилүүдийн энэ үеийнхээс 5-10°С–аар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн мэдээлжээ.


Ирэх сарын нэг, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр баруун болон говь талын нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүйг иргэдэд онцгойлон анхааруулжээ.


Гуравдугаар сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсэг буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.


Хур тунадасны хувьд Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн өмнөд захын сумдын нутгаар олон жилийн дунджаас бага байх юм.  Харин Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. 

Холбоотой мэдээ