Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-03-01 15:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь, талын нутгаар салхитай байна.


Тус газраас энэ сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа. Энэ сарын 3-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ