Эрчимжсэн мал ахуй хөгжүүлэх чиглэлд зээл түлхүү олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-02 15:50:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээл олгох санхүүжилтийг шийдлээ.


Тухайлбал, хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм.


ХХААХҮЯ, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.


Хаврын тариалалтаас өмнө уринш бэлтгэх болон ургац хураалтад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргав. Энэ зээлийг өнгөрсөн жилд хөнгөлөлттэй зээл олгож байсан туршлагадаа үндэслэн олгоно. Дээрх хоёр төрлийн зээл нэг жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй байх юм.  


Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй олгохоор эх үүсвэрийг шийдэв. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.


Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэгт олгох нь зүйтэй  гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасныг ХХААХҮЯ мэдээлэв.  


Эдгээр зээлийг арилжааны банкаар дамжуулж олгох тул малчин, тариаланч, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах аж.

 

Холбоотой мэдээ