Хуримын ордны үйл ажиллагааг энэ сарын 31-ний өдрийг дуустал нээхгүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-04 12:21:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, аймгийн Онцгой комиссын энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат мэдээлэлдээ, "УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 1-ний өдрөөс нээсэн. Үүнтэй холбогдуулан Өлгий-Улаанбаатар-Өлгий чиглэлд зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад орохоос татгалзах зэрэг зарим үл ойлголцол гарч байгаа. УОК-ын даргын 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг зохицуулсан түр журам баталсан. Журмаар голомтот бүсээс ногоон бүсэд ирэх зорчигчид гарахаас өмнө PCR шинжилгээ өгнө. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд орон нутаг руу зорчих эрх нь нээгдэж байгаа. Харин орон нутагт ирсний дараа 7 хоног заавал гэрийн ажиглалтад байхаар журамласан" гэв.

Харин албаны болон шуурхай ажлаар ирсэн иргэд 24 цагийн дотор буцахаар бол тусгаарлалтад орох шаардлагагүй. Гэхдээ үүнийг холбогдох зөвшөөрөл байгаа болон мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг сайтар биелүүлсэн нөхцөлд зөвшөөрөх аж. 

Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 31-ний өдрийг хүртэл хуримын ордон ажиллахгүй. Мөн шашны нэгдсэн мөргөлийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон гэдгийг дуулгалаа. 

Холбоотой мэдээ