Архангайгаас батлагдсан нэг тохиолдол болон ойр харьцсан 14 хүнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-07 12:33:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд сарлагийн тухай кино хийхээр ирсэн UBS телевиз болон Улсын Эрдмийн драмын театрын уран бүтээлчид Архангай аймагт ирсэн ба хамт явсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байжээ.

Аймгийн Онцгой комисст 3 дугаар сарын 6-ны 18.10 цагийн үед ХӨСҮТ-өөс шинжилгээний хариуг хүлээгээгүй иргэн А-гийн шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан тухай мэдээлэл өгсөн байна. Тэр даруй аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, ЭМГ-ын тархвар судлаач Э.Ариун-Эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний 1 дүгээр баг, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын багийг тус тус томилон явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх 15 иргэний аймгийн төвд үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн худалдагч, ШТС, зочид буудлын гээд 1 дүгээр хавьтлын 3 иргэнийг гэрт нь тусгаарлаж, PCR шинжилгээний сорьцыг авчээ.

Өнөөдөр /03.07/ өглөө Чулуут сумаас 09:30 цагийн үед цагдаагийн хамгаалалт дор Улаанбаатар хот руу дээрх нэг батлагдсан тохиолдол болон хамт ирсэн 1 дүгээр хавьтлын 14 хүнийг зөөвөрлөж байна. Батлагдсан нэг тохиолдлын 1 дүгээр хавьтлаар Улаанбаатараас хамт ирсэн 14 хүнээс гадна нутгийн 14 хүн байгааг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Чулуут суманд тусгаарлах байрыг бэлтгэн нутгийн 14 хүнийг тусгаарлах юм байна. Харин тандалт судалгаагаар одоогийн байдлаар дам 40 гаруй хавьтал байгаа аж.

Маршрутыг товчхон дурдвал, кино зураг авалтын багийн 15 хүн энэ сарын 4-ний 22.00, 5-ны 02.00 цагт аймгийн төв рүү хоёр хуваагдан хөдөлсөн байна.

Өглөө нь 09.00-10.00 цагийн хооронд аймгийн төвд байрлах нэг хүнсний жижиг дэлгүүрээр үйлчлүүлээд, шууд Чулуут сум руу хөдөлж, сумын төв орохгүйгээр малчин С-д очжээ. Маргааш өглөө нь тал нь кино зураг авах газар үзэхээр явсан ба энэ хугацаанд нэг ч хүнтэй таарч хавьтал болоогүй ба оройны 21.00 цагийн үед сумын төвийн 4 дэлгүүрээр ороод, малчин С-д ирсэн байна.

Мөн маргааш өглөө нь 07.00 цагийн үед кино зураг авах газар руу бүгд хөдөлсөн ба оройны 22.00 цагт сумын төв рүү орохоос өмнө сумын Онцгой комисс, цагдаагийн байгууллагаас угтаж сумын төвд тусгаарлажээ. 

Холбоотой мэдээ