QR код байршуулаагүй 45 аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-12 14:06:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НМХГ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 1175 аж ахуйн нэгж, иргэний ажлыг өдөр болон шөнийн цагаар шалгаж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. 


COVID-19 цар тахлаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг хангахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын ахлах байцаагч нар энэ сарын 7-9-нд дээрх хянан шалгах ажлыг явуулжээ. Шалгалтад 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоолны аж ахуйн нэгж хамрагдаж дараах зөрчил илэрчээ. 


Шалгалтаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо "Би Эм Эс Зэт" ХХК-ийн Манхэттан ресторан, 14-р хороо "Мон жаргалант" ХХК-ийн "Royal" караоке баар, 15-р хороо "Баян солонго" ХХК-ийн "Саяана" караоке баар, "Шүүрхээ" ХХК-ийн "13 street" караоке баар, 19-р хороо "Занад хүслэн" ХХК-ийн караоке баар, Чингэлтэй дүүргийн "Стар интер трейд" ХХК-ийн "Бүрд" караоке баар, Баянгол дүүргийн "Үнэт хөрөнгө" ХХК-ийн "Синема" караоке баарууд тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нөхцөлд ажиллаж байсныг түр зогсоох арга хэмжээ авсан.


QR код байршуулаагүй 45 ахуйн нэгж илэрсэн бол ажилтан, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмждэггүй 118 аж ахуйн нэгжид арга хэмжээ авсан байна. Түүнчлэн үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй 66 аж ахуйн нэгжийн зөрчилд арга хэмжээ авчээ. 


Тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй 27 аж ахуйн нэгж, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй 16 аж ахуйн нэгжийн зөрчил илэрсэн. Мөн хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг 3 дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлээгүй 11 аж ахуйн нэгжийг тогтоосон байна.


Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан COVID-19 цар тахлаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 3400 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Холбоотой мэдээ