“Монгол гэрийн эрчим хүчний хэмнэлттэй халаалт дулаалгын шийдэл нэвтрүүлэх” төсөл үргэлжлэн хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-15 14:13:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн “Монгол гэрийн эрчим хүчний хэмнэлттэй халаалт дулаалгын шийдэл нэвтрүүлэх” төсөл Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Халиун, Цогт, Цээл суманд хэрэгжинэ.


Монгол гэрийг зуухгүйгээр дулаан алдагдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, улмаар гадаад болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг хөтөлбөр нь тус аймагт 2020 оноос эхлэн хэрэгжиж буй бөгөөд Есөнбулаг сумаас зорилтот бүлгийн нийт 50 өрх хамрагджээ. Харин энэ онд иргэдийн хүсэлтийн дагуу “Цэвэр агаар”  хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах төслийг Есөнбулаг, Халиун, Цогт, Цээл суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон тухай НҮБ-ын Хүүхийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн орон нутгийн зөвлөх М.Эрдэнэбилэг танилцуулав.

Тэрээр цааш нь хэлэхдээ: “Энэ удаа Хүүхдийн сангаас 46 өрхийг хамруулж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн хүсэлтээр 30 хувийн зардлаа төлөөд 70 хувийг НҮБ-ын Хүүхдийн сан болон тухайн сумын ЗДТГ-аар хариуцуулах боломжтой” гэдгийг хэллээ. 

Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 14-нд төсөлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн иргэдийн төлөөлөл болон холбогдох сумдын удирдлагууд, төслийн ажлын хэсгийнхэн “Монгол гэрийн эрчим хүчний хэмнэлттэй халаалт дулаалгын шийдэл нэвтрүүлэх” төслийн чадавхжуулах сургалтад хамрагдсан юм. 


Холбоотой мэдээ