“Аавуудаа сонсъё" уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-17 10:13:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Аавуудаа сонсъё" уулзалт хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.


Тодруулбал, тус аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв, “Дэлхийн зөн” ОНХХ, "С.Болормаа сан" хамтран орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Аавуудаа сонсъё” хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон өрнүүлдэг энэхүү хэлэлцүүлгийн хүндэт зочдоор Монгол Улсын Гавьяат багш Ш.Болдбаатар, Хүний гавьяат эмч Л.Гантөмөр, аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Төмөрбаатар, Хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар, “Тайшир Гуулин УЦС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амартүвшин нар уригдан оролцлоо. Тэд ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, мэргэжил сонголт, гэр бүл төлөвлөлт, эх оронч үзлийг төлөвшүүлэх талаар үнэтэй зөвлөмж хүргэж, сонирхсон асуултад хариулт өглөө.

“Дэлхийн зөн” ОУБ-ын ОНХХ-өөс дэмжин зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт оролцогч хөвгүүд дээр дурдсан сэдвүүдээр мэдлэгээ бататгаж, хүндэт зочдын зөвлөмжийг өөртөө тусгаснаар Алтай нутаг цаашлаад эх орныхоо хөгжилд оюуны болон ур чадварын бүтээлч хувь нэмрийг оруулах ач холбогдолтой юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.


Холбоотой мэдээ