Халдварын дэглэмээ сахиж, ажлын байраа хадгалахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-26 13:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн байгууллага, ААН бүр ажиллагсад, үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлж, халдвар тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг МҮХАҮТ-аас нийт бизнес эрхлэгч нарт хандан уриаллаа. 


Уриалгад "Таван богд трейд", "АПУ", "Наран групп", "Интерактив Би Ай" компанийн удирдлага нэгдэж буйгаа өнөөдөр илэрхийлэв. Энэ талаар "Таван богд трейд" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Баатарсайханаас тодруулав. 


-Халдвар, халдвараас үүдэлтэй хүндрэлийг даван туулахын тулд төр, засгаас эхлээд бүгд л хичээж байна. Энд ямар гарц байгаа талаар та саналаа хэлнэ үү? 

-Ганц гарц нь бүгдээрээ халдварын эсрэг дэглэмээ сайн бариад, ажлын байраа хадгалахын төлөө үйл ажиллагаагаа хэвийн явуулах явдал юм. Өөр ямар ч гарц, жор байхгүй. Төр засгийн хувьд вакциныхаа тоог маш яаралтай нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Вакцинжуулалтад хамрагсдын тоо, хувь өндөр гэж байгаа боловч вакцин болон хамрагсдын нийт тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Вакцины олдоц дэлхий даяар хэцүү байна. Гэхдээ вакцин гараагүй үетэй харьцуулахад бий болоод байгаа нь том дэвшил. 


-Танай группийн харьяаны компаниуд ажиллагсдаа вакцинжуулалтад хамруулж байна уу. Компанийн зүгээс энэ талаар юу хийж байна вэ? 

-Бусдын жишгээр манай бүх компани, ажилтан дархлаажуулалтад хамрагдахыг хүсэж байна. Манай хувьд зохих хэмжээнд өөрсдөө бие даасан хэлбэрээр вакцинжуулалтыг урагшлуулж л байна. Гол нь олдцын асуудал байна гэв. 


Дахин хөл хорио тогтоовол 152 мянган ААН эрсдэлд орно гэж МҮХАҮТ-аас мэдэгдэв.





МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, "Танхимаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд хөл хорионы улмаас 27 мянган ААН-ийн үйл ажиллагаа зогсож, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга давсан. 

Одоо хөл хорио тогтоовол 152 мянган ААН эрсдэлд орно гэж үзэж байгаа. Тиймээс "COVID-19" цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ААН-үүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, хөл хорионд орохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хариуцлагатай байхыг уриалж байна" гэв.

МҮХАҮТ-аас дотоодын ААН-үүдийн нөхцөл байдал халдварын үед хэрхэн явагдаж, ямар байгааг газар дээр нь сурвалжлахыг урилаа. 


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ