Монгол Улсын статистикийн систем Зүүн өмнөд Азид тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны 2020 оны ажлын тайланг хэлэлцэв.
Тайлант онд тус хороо системийн хэмжээнд 311 ажилтан, үүнээс 118 нь төв байгууллагадаа ажилласан бөгөөд нийт ажилтны 80 хувь нь статистикч, эдийн засагч, хүн ам зүйч мэргэжилтэй гэдгийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа танилцууллаа. 2020 онд нийтдээ 55 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 37 мянган өрхөөс мэдээлэл цуглуулан хоёр тооллого, таван түүвэр судалгаа хийжээ. ҮСХ-ноос статистик мэдээлэл, үзүүлэлтүүийг 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг ба цар тахлаас үүдэн статистик мэдээллүүдийг цуглуулах, боловсруулахад хүндрэл тулгарч байсан ч тасралтгүй, цаг хугацаанд нь бэлтгэж байсныг онцолсон юм.
Арван жил тутам зохион байгуулдаг хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг УИХ-аас тогтоосон товын дагуу 2020 онд явуулжээ. Нийт өрхийн 10 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, үлдсэн 90 хувийг засаг захиргааны анхан шатны нэгжид цуглардаг төрийн мэдээллийн сангуудтай уялдуулах замаар тооллогод хамруулсан байна. Ийнхүү зохион байгуулснаар тооллогын ажлын зардал өмнөх тооллогын зардлаас 30 орчим тэрбум төгрөгөөр багассан байна. Тодруулбал, 2020 оны хүн ам, орон сууцны ээлжит тооллогын нийт зардал 3.8 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн мал, тэжээвэр амьтны тооллогыг халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 12 дугаар сарын 17-31-нд зохион байгуулж, үр дүнг олон нийтэд танилцуулсан байна.
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ҮСХ-ноос тогтмол явуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгаа”, “Ажиллах хүчний түүвэр судалгаа” зэрэг судалгааг мэдээллийн технологийн шийдэл ашиглан хийжээ. Компьютерт суурилсан телефон утас, цахим хуудаст суурилсан санал асуулгаар мэдээлэл цуглуулах ажлыг тасралтгүй явуулсан гэлээ.
ҮСХ хуульд зааснаас гадна “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа”, гурван үе шаттай “Короновирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан панел судалгаа”, “Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нөхцөл байдлын судалгаа” гэх зэрэг зургаан судалгааг нэмэлтээр хийсэн байна.
Тайлант онд ҮСХ-ноос төрийн мэдээллийн сангуудыг ашиглах замаар төрийн байгууллагуудад цуглараад байгаа захиргааны мэдээллийг статистик мэдээлэлд ашиглах ажлыг эрчимтэй хийсэн байна. Тухайлбал, Хүн ам мэдээллийн өрхийн санг төрийн 17 байгууллагын 53 мэдээллийн сантай уялдуулжээ. Эдийн засгийн салбарын үзүүлэлтийг тооцоход ашигладаг Бизнес регистерийн санг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл болон ХХҮЕГ, гадаадаас ажиллах хүч авсан аж ахуйн нэгжийн мэдээлэлтэй уялдуулж, эдгээр холболтоос статистик мэдээллийг гаргаж эхэлснээ тайландаа дурдсан. Үүний үр дүнд мэдээний чанар, хамрах хүрээ сайжирсан гэж дүгнэжээ. Тиймээс ирэх жилүүдэд төрийн мэдээллийн сангуудыг холбох ажилд ҮСХ ихээхэн анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Гадаад хамтын ажиллагааны хувьд хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг бэхжүүлэх, статистикийн байгууллагын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэх чиглэлээр олон тооны хурал, сургалтад оролцсон байна. Дэлхийн статистикийн байгууллагуудын нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжийг хэмжиж, эрэмбэлдэг “Нээлттэй мэдээллийн цаг” байгууллагын 2020 оны үнэлгээгээр Монгол Улсын статистикийн систем 187 орноос 9 дүгээрт бичигдсэн ба эл үзүүлэлтээрээ Зүүн өмнөд Азийн улс орнуудад тэргүүлснийг тэмдэглэв. Тус хороо хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн статистик мэдээллийг боловсруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зорилгыг тавьж ажиллаж байгаагаа тайнгангийнхаа төгсгөлд онцолсон.
Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Батлут Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, Б.Батдаваа дарга болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав.
Өрхийн орлого, зарлагын өссөн, буурсан талаарх гишүүдийн асуултад хариулт өгөхдөө “2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 000 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь төрөөс өрхүүдэд олгож буй тэтгэвэр, халамжийн нэмэгдэл байсан. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр улиралд нэг өрхөд очдог тэтгэвэр тэтгэмжийн дундаж хэмжээ 230 000 төгрөг байсан бол 2020 оны эцсийн байдлаар, 315 000 төгрөг болж, 85 000 төгрөгөөр нэмэгдсэн” хэмээв. Гэхдээ 2020 оны дөрөвдүгээр улиралд цар тахлын нөлөөлөл илэрсэн тул 2020 оны дөрөвдүгээр улирлыг өмнөх улиралтай харьцуулахад өрхийн орлого 76 000 төгрөгөөр багассан үзүүлэлт гарчээ. Гол төлөв цалин хөлс, хувиараа хөдөлмөр эрхэлсний орлого багассан гэх дүн мэдээ гарсан байна.
Ядуурлын үзүүлэлтийн талаарх асуултад Б.Батдаваа дарга хариулахдаа, “Манай байгууллага Дэлхийн банктай хамтран хоёр жил тутам ядуурлын түвшинг гаргадаг. Сүүлийн байдлаар буюу 2018 онд нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч байгаа бол 14.9 хувь нь ядуурлын түвшнээс эмзэг байдалтай амьдарч байгаа гэдэг мэдээлэл гарсан” гэв. Ядуурлын түвшинг тогтоохоор ээлжит судалгаа, мэдээллийг боловсруулж, энэ оны гуравдугаар улирлын эцсээр олон нийтэд мэдээлэх юм байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудаас үндэсний хэмжээнд тодорхойлж чадаагүй байгаа үзүүлэлтийн талаар тодруулсан Д.Батлут гишүүний асуултад хариулт өгөв. Тогтвортой хөгжлийн зорилтын нийт 247 үзүүлэлтээс манай улсад далайтай холбоотой асуудлуудаас бусад нь хамаарч байгааг хэлсэн. Үндэсний статистикийн хороо хүн хүч, хөрөнгө мөнгөний нөөц бололцооноосоо хамаараад бүх үзүүлэлтийг зарлах шаардлагагүй гэж үзээд, зорилтуудыг эрэмбэлэн одоогоор 132 үзүүлэлтийг олон нийтэд зарлаад байгаа, ирэх жилүүдэд 162 болгохоор зорилт тавин ажиллаж байгаа гэв.
ҮСХ-ны мэдээллийн чанарын талаарх асуултад хариулт өгөхдөө, “Статистик мэдээллийн эх үүсвэр нь захиргааны мэдээлэл буюу төрийн байгууллагууд дээр цугларсан мэдээлэл, түүвэр судалгаа, нэлэнхүй тооллогоос цуглуулдаг. Захиргааны мэдээллийн чанарыг тухайн төрийн байгууллага хариуцдаг. Үндэсний статистикийн хороо нийт эх олонлогоо төлөөлөхүйц алдааны түвшин, итгэх итгэлийн түвшин 95 хувийн магадлалтай байхаар түүвэр судалгааны аргачлалаа зохиодог. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалууд юм. Харин төсвийн хязгаарлагдмал байдлаас үүдэн түүвэр судалгааны үр дүн нь улс, томоохон төв суурингаа төлөөлж болох ч сум, дүүрэг гэх зэрэг нэгжийн хэмжээнд төлөөлөх чадваргүй байдаг. Үүн дээр цаашид анхаарч, Сангийн яаманд хандах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Д.Батлут нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын 2017 оны 38 дугаар тогтоолоор, “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг зургаан зориго, 25 зорилт, 146 ажил хэрэгжүүлэхээр баталсан юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр статистикийн мэдээлэл боловсруулах бүх бизнес моделд ордог шат болгоныг автоматжуулалтыг шийдсэн системийг нэвтрүүлсэн. 2021 оны нэгдүгээр улирлаас ашиглалтад орж буй энэхүү ажлын үр дүнд статистикийн салбарын цахим шилжилт эхэлсэн гэдгийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэлсэн.
Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас боловсруулан гаргасан статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д 2019 оны дөрөвдүгээр сарын 2-нд шилжсэн. Энэхүү стандартад шилжсэн улс орон статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг хэрэгжүүлдэг. Ингэснээр статистик мэдээллийн чанар сайжирч, бусад улс орнууд тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, тухайн улсын тоон мэдээллийг хөгжлийн түвшин ойролцоо эсвэл тухайн бүсийн бусад орнуудтай харьцуулах боломж нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу байдлыг бий болгодог ач холбогдолтой гэдгийг танилцуулгад онцолж байв. Үүний үр дүнд, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлүүд тодорхой давтамж, чанартайгаар, товлосон хугацааны дагуу нэгтгэж, нийтлэгдэж байгаа аж. Түүнчлэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаанд цахим мэдээллийн сангаа шинэчилсэн гэлээ.
Дотоод ажлаа сайжруулах чиглэлд нийт 25 аргачлал, 53 заавар, есөн гарын авлагыг шинээр боловсруулсан байна. Түүнчлэн төрийн зарим мэдээллийн санг холбожээ. Хөтөлбөрийн хугацаанд төлөвлөгдсөн дөрвөн тооллого, 17 судалгааг хийсэн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн статистикийн ажилд мэдээллийн технологийг ашиглаж эхэлсэн болохыг онцолж, холбогдох мэдээллийг хийв. Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр олон ажлыг тогтмол хугацаанд авч хэрэгжүүлж байгаагаагаа Б.Батдаваа дарга дурдсан, мөн хүүхэд залуусын статистик мэдээллийг ашиглах чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн.
Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлэв.