Даян дэлхийн ногоон хөгжлийн институтид зарим давуу эрхийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-31 18:06:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив.


Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцуулав.


Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд НҮБ-ын “Рио +20” чуулганы үеэр 16 улсын санаачилгаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд өдгөө 37 улс гишүүнээр элсээд байгаа юм. Тус институт нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжих зорилготой аж. Ингэхдээ, гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Парисын хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг амлалтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж ажилладаг. Энэ зорилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ногоон ажлын байр бий болгох; тогтвортой үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх буюу хямд, цэвэр эрчим хүчний хүртээмж, тогтвортой нийтийн тээвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент гэх мэт агаарын чанарыг сайжруулах, экосистемийн үйлчилгээний зохистой хангамж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн зургаан чиглэлээр ажилладаг байна.


Монгол Улс 2013 онд тус байгууллагын гишүүн улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2014 онд үүсгэн байгуулах гэрээг баталсан байна. Улмаар Хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Гадаад хэргийн яаманд 2014 оны зургаадугаар сараас ажиллаж эхлүүлсэн гэдгийг Н.Уртнасан танилцуулав.



Монгол Улсад 2014 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн санхүүжилтээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, БОАЖЯ, ЭХЯ, БХБЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран  ногоон хот байгуулалт, ногоон эдийн засаг, тогтвортой эрчим хүчний үүсвэрийг дэмжих чиглэлээр нийтдээ долоон сая орчим ам.долларын төслийг хэрэгжүүлж байгаа гэлээ.


БОАЖЯ тус институттэй хамтран ажиллах санамж бичгийг статус болон хамрах хүрээний үндэслэлээр өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.


Манай улс гишүүн орны хувиар тус институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийг зохицуулах хүрээнд хоёр талт  хэлэлцээрийг байгуулах санал тавьжээ. БОАЖЯ, холбогдох байгууллагатай хамтран судлаад, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох, цаашид уг гэрээг соёрхон батлуулахаар төслийг бэлтгэсэн байна.


Талууд хэлэлцээрийн төслийг 2020 оны зургаадугаар сард эцэслэн тохирсон ба Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой хэлэлцээрийн төсөлд БХЯ-наас ирүүлсэн саналыг тусгасан хувилбарыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн талд уламжлан 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр цахимаар харилцан тохиролцсон гэлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь өөрийн санхүүжилтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу гишүүн улсын Засгийн газрын хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болж, хамтран ажилладаг. Харин ямар нэгэн хэлбэрээр урт, богино хугацааны зээл олгох ажил эрхэлдэггүй гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. 


Уг хэлэлцээрийг Засгийн газартай байгуулснаар олон улсын байгууллагын хувьд эдлэх эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татвар чөлөөлөх зэрэг асуудлаарх эрх зүйн статус баталгаажих үндэс болох юм байна. Ингэснээр, Монгол Улсад хэрэгжих төсөл хөтөлбөр, ажлыг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэх боломж бүрдэх ач холбогдолтой юм.



Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Монгол Улс дотооддоо хэрэгжиж буй тодорхой төсөл, хөтөлбөрт тусгай эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татвар чөлөөлөх зэрэг асуудлаарх эрх зүйн статусыг баталгаажуулах зэрэг давуу эрх олгох нь зохисгүй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байв. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн гишүүн 37 улсын жагсаалтыг харахаар ихэнх нь хөгжиж байгаа эдийн засгууд, санхүүжилт гаргах бололцоотой нь хуруу дарам цөөн байгааг гишүүд онцлоод, холбогдох тодруулгыг хийсэн. Энэхүү институтийн гол донор, үндсэн санхүүжүүлэгчээр БНСУ, Дани, Норвегийн хаант улс байдаг бол тусгай төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Байгаль орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк байдаг хэмээх хариултыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан өглөө.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул төслийг зөвшилцсөн талаарх санал, дүнгэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ