Х.Нямбаатар: Архинд донтсон 10 мянган хүн байгаа ч албадан эмчилгээний ор 200 хүрдэггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-01 13:11:56
@s_munkhbaatar
Х.Нямбаатар: Архинд донтсон 10 мянган хүн байгаа ч албадан эмчилгээний ор 200 хүрдэггүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар долоон бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.


Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.

Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих шаардлагыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалт оруулсан байна.


Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр ажилладаг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажилладаг хуулийн этгээдэд олгохоор тусгасан байна.


Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, төрөл зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.


Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 30-ны хуралдаанаар эл төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, хуулийн төслийг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг архидан согтууралтай холбоотой байгааг тодотгов. Тэрээр, архи үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн ажлыг эсэргүүцэхгүй ч төрийн бэлгэ тэмдгээр нэрлэдэг асуудлыг таслан зогсоох ёстойг хэлэв. Жишээлбэл, Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Чингис хааны нэртэй архи үйлдвэрлэж байна. Өвөг дээдсээрээ бахархдаг ард түмэн тэр хүний зурагтай, нэртэй архины шилийг хогийн саванд хийдэг, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэж байгааг шүүмжлэв. Мөн төрийн соёмботой холбоотой архи үйлдвэрлэж байгааг хэлээд, үүнд зохицуулалт хийсэн эсэхийг лавлалаа. 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргасан. Монгол Улсад архины дон туссан 10 мянган хүн байгаа ч албадан эмчилгээний 200 хүрэхгүй ор байна. Тиймээс хуулийн төсөлд, архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын сан байгуулах зорилгыг агуулж байгаа. Түүнчлэн архины зохистой хэрэглээг бий болгох, архи үйлдвэрлэгч, түүгээр үйлчлэгчид шинэ стандартыг тогтоохоор зорьж байна. Үндэсний зарим үйлдвэрлэгчид их хааны нэртэй бүтээгдэхүүний загварыг Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байдаг. Тиймээс энэ талаар хуулийн хэлэлцүүлгийн явцад судалж, нарийн тодорхойлно. Түүхэн хүмүүсийн нэрээр согтууруулах ундааны бүтээгдэхүүний загвар батлахгүй байх нь энэ хуулийн бас нэгэн зорилго хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, сэтгэлзүйн болон хордлого тайлах зэрэг архинаас гаргах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой асуудал хуулийн төсөлд тусаж буйг тодруулав. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа гурван жил байсныг хуулийн төсөлд таван жил болгож нэмсэн учрыг лавлалаа.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүний асуултад хариулахдаа, архидан согтуурах, донтох өвчний уршигтай тэмцэх Засгийн газрын сан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгов. Тус санг бүрдүүлэхдээ, 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200 төгрөгийн татвар ногдуулах юм. Ингэснээр, үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзсэнийг тайлбарлав. 2000 оны хуульд дүн шинжилгээ хийснээр, тусгай зөвшөөрлийн хугацаа таван жил байх нь зохимжтой гэсэн дүгнэлт гарчээ. Мөн архи, согтууруулах ундааны сувенир зориулалтаас бусад жижиг савлагааг хориглохоор төсөлд тусгасан. Түүнчлэн үйлчилгээний газрын ажилчдыг сургалтад хамруулж, хэт согтууралтай хүнд үйлчлэхгүй байх зэрэг хориглосон заалтыг тусгаж буйг тодотголоо. 


ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад хариулахдаа, сүүлийн үед согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ улсын хэмжээнд цагдаагийн байгууллага 2016 онд 87 мянган хүнийг эрүүлжүүлсэн бол 2019 онд 111 мянга болж ихэссэн статистик мэдээг танилцуулав. Эдгээрийн 0.2 хувь нь 18-аас доош насны хүүхэд, 7.2 хувь нь эмэгтэйчүүд байгааг тодотгов. Архидан согтууралтай тэмцэх гол үндэс нь ажлын байрыг нэмэх асуудал гэдгийг тэмдэглээд, хуулийн төслөөр байгуулах Засгийн газрын тусгай сангийн хүрээнд албадан эмчилгээнд дэмжлэг очно гэдгийг тайлбарлав. Албадан эмчилгээний хуулиар, эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн нарийн мэргэжлийн хөдөлмөр эрхлүүлэх дадал олгох сургалт явуулж, ажил эрхлэх боломжийг олгодог гэдгийг тэмдэглэлээ. 


Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, хуулийн төсөлд, амралтын өдөр буюу бямба, ням гарагт архи зарахгүй байхаар тусгах, архи зардаг цэгийн тоо, байршлыг цөөлөх, цагийн хязгаар тогтоох зэргийг тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байв.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хуулийн төсөлд тусгасан зарим заалттай санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх газар шилээр бус, нэг хундгаар борлуулж үйлчилдэг байх зохицуулалт нь амьдралд нийцэхгүй гэдгийг хэллээ. 


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, хоёр жилийн өмнө 350 монгол залууг судалгаанд хамруулахад, найман хүний нэг нь өндөр градустай архийг төрөлхийн задалж чадахгүй гэсэн дүн гарсан. Тухайлбал, эхний хундага уугаад нүүр нь улайдаг, эсхүл зүрх дэлсдэг, дотор муухайрч байгаа нь өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг. Ингэснээр, донтох эмгэг үүсдэг. Тиймээс зөөлөн архины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор дэмжих нь чухал гэдгийг онцолж байв.


Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 43 буюу 62.3 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ