Цахилгаан эрчим хүчний өргөтгөл, засварт зургаан тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт ажиллаж байгаа эрчим хүчний байгууллагуудын дотроос томоохонд тооцогддог газар бол Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани юм. Эднийх Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бүх сум, Төв аймгийн хойд талын таван сум нийт 29 сум суурин газарт 230 гаруй мянган хүн амд үйлчилж нийт 17 нэгж, 410 гаруй ажиллагсадтайгаар хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээж байна.
Тус ХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалтай ярилцлаа:
-Танайх ирэх оны өвлийн бэлтгэл ажлаа хэзээ эхлэв? Хэдий хэмжээний ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй вэ?
-“2015-2016 оны өвлийг манай компани амжилттай давлаа. Яагаад гэвэл өнгөрсөн онд манай компанийн 50 жилийн ой тохиож үүнтэй холбогдуулж бид бүтээн байгуулалтын олон ажлыг хийхийн зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг найдвартай хангаж хөрөнгө ч их зарсан. Эдгээрт нийтдээ бараг таван тэрбум төгрөг зарцуулсанаар ямар нэгэн гэмтэл саатал гарсангүй. Цаг агаар ч бас таатай дулаан байсан нь нөлөөлсөн байх.
Бид 2016-2017 оны өвлийн их ачааллыг давахын тулд манай компани өвлийн бэлтгэл, их засвар техник зохион байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтаар зургаан тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөөд гүйцэтгэж байна. Эхний ажил маань тавдугаар сарын нэгнээс эхэлсэн. Эдгээрээс хийгээд дууссан ажил гэвэл Шарын гол сумын цахилгаан хангамжийг бүрэн шинэчилж дуусаад одоо ухаалаг тоолуур тавих ажил үргэлжилж байна. Тэнд бид нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Түүний араас залгасан маш том ажил болох Дархан хотын “Дархан зочид буудал”-ын ард байгаа манай дэд станцыг Герман технологиор бүрэн шинэчлэхээр бэлтгэл ажилдаа орсон. Түүний бүх схемийг шинэчилж өмнө нь байсан төмөр арзайсан дүр төрхтэй 1960-аад оны технологийн дэд станцыг бид Германы SIMUS компанийн технологиор шинэчлэх ажилд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тоног төхөөрөмжүүд нь Германаас ороод ирчихсэн. Дарханд хоёр бууруулагчтай том станц баригдана. Яг ийм ижил нэг бууруулагчтай дэд станц Төв аймгийн Заамар суманд баригдана. Мөн Зүүнхараагийн салбарт Түнхэл тосгоны цахилгаан сүлжээг нь шинэчилж байгаа. Цагааннуурын чиглэл Зүүнбүрэн рүү явдаг байсан 35 КВ-тын шугам бүрэн шинэчлэгдэж залгагдаж байгаа зэрэг ажил маш их байна.
-Зуны засварын үед эрчим хүчийг хязгаарладаг, Хэсэг хэсгээр нь таслаж засвар хийж байна гээд хуваарь танилцуулдаг байсан энэ жил тийм юм хийх үү?
-Сонгуулийн үеэр хэрэглэгчээ таслахгүйгээр бид хуучин сумдын 04-ын шугамуудыг шинэчлэх ажлыг хуучин шугамынх хажууд шинэ шугам бариад, сонгууль өнгөрсний дараа хэрэглэгчээ шижлүүлэхээр ажлууд өрнөж байгаа.
-Ухаалаг тоолуур гэж ярилаа.Энэ ажил танай нийт салбаруудын хэдэн хувь нь ухаалаг тоолууртай болсон бэ?
-Дархан хот нь 20 мянган хэрэглэгчтэй түүнээс 12 мянган хэрэглэгч нь ухаалаг тоолуурт шилжсэн. Үүн дотроо бүх орон сууцны хуучин болон шинээр баригдсан бүх байшингууд хамрагдсан. Энэхүү ухаалаг тоолуурын систем нь анх 2012 оноос эхлэж манай Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д хэрэгжээд бид өөрсдөө патентийг нь авч бүх загваруудаа гаргаад ганцхан ухаалаг тоолуур ч биш бүх эрчим хүчний дунд шатны түгээх сүлжээний компаниудын ухаалаг сүлжээ, ухаалаг зохион байгуулалт руу орчихсон явж байгаа. Манайх үүний патент, ашигтай загварын эзэн нь болсон. Саяхнаас дэлхийн банкныхан болон гадаадын олон төлөөлөгч ирж үзээд явлаа. Ер нь цаашдаа маш яаралтай Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ, Багануур, Зүүн бүсийн түгээх сүлжээнүүд манай жишгээр орохоор болж байна.
-Бэрхшээлтэй юм юу байна вэ? хөрөнгө дутагдах, шаардлагатай тоноглол сэлбэгийн олдоц ховор байх зэрэг хүндрэл байна уу? Гайгүй юу?
-Бэрхшээл гэвэл сонгууль, АСЕМ, наадам давхцаад байдаг. Иймд хэрэглэгчээ таслахгүйгээр найдвартай цахилгаанаар хангах шаардлагатай болж байгаа учраас ажлаа нарийн зохион байгуулах шаардлага гарч байна даа. Нэг шугам засах гэхээр цахилгаан нь тасрах гээд байдаг. Ийм нэг шугамыг нөгөө бэлтгэл шугам руу нь заавал залгаж байж хийх хэрэгтэй болж байна. Энэ хоёр сарын хугацаанд хэрэглэгч таслахгүйгээр засвар үйлчилгээ хийнэ гэдэг амаргүй нарийн зохион байгуулалт зохицуулалт хэрэгтэй болдог ажил. Өөр ямар нэгэн бэрхшээл байхгүй. Хөрөнгийн эх үүсвэр бүрэн шийдэгдэж засварын бригадууд чиглэл чиглэлдээ гарч төлөвлөгөөний дагуу ирэх 11 дүгээр сарын нэгэн хүртэл гүйцэтгэхээр шахуу хуваарийн дагуу ажиллаж байна.
-Танай сүлжээний харьяа салбаруудад гэрэл цахилгаангүй айл өрх байгаа юу? Сүүлийн үед аль ч сум суурин газрууд шинэ суурьшлын бүс гэж нээгээд тэнд шинээр айл өрхүүд суурьшиж байгаа?
-Дархан-Уул аймагт бол байхгүй, бүгд цахилгаанд холбогдсон. Дархан хотод гэрэл цахилгаангүй байх байтугай цахилгааныг нь тавиад өгсөн байхад очиж суурьшихгүй байна л даа. Жишээ нь Дархан сумын Хөтөл хороолол мөн 11-26 дугаар хороолол байна. Шинэ Дарханы хойд талын цахилгааныг хихйчихсэн айлууд суурьшаагүй байгаа. Хөтөл хороололд 1700 айлын цахилгааныг татаад өгсөн ч буугаагүй л байна. Төв аймаг энэ жил шинэ суурьшлын бүс гээд 670-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь Төв аймгийн Жаргалант сумын Талбулгийн бригад цааш нь үргэлжлээд Баянбулаг гэдэг газарт 300 гаруй айл өрхийн шинэ суурьшлын цахилгаан хангамжийг энэ онд багтааж хийх бол Борнуурын шинэ суурьшлын бүс бас яригдаж байгаа. Яамнаас шийдвэр нь гарвал бид ажлыг нь гүйцэтгэнэ. Үүнээс өөр айлууд нь буучихсан цахилгаангүй байгаа газар байхгүй.
Б.Норовсамбуу