Ж.Байден: АНУ-д галт зэвсгийн хэрэглээ тахал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-09 10:25:58

ВАШИНГТОН. /TASS/. Манай улсад галт зэвсэг ашиглан хүчирхийлэл үйлдэх явдал жинхэнэ тахал, олон улсын шившиг болоод байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.


Галт зэвсгийн хэрэглээнээс үүдэлтэй хүчирхийлэл улсад жилд 280 тэрбум ам.долларын хохирол учруулж байна гэж тэрбээр зэвсгийн эргэлтийн салбарт хийгдэх зохицуулалтыг чангатгасан арга хэмжээнүүдээ танилцуулцах үеэр мэдэгдсэн байна.


Түүний засаг захиргааны санал болгох арга хэмжээ нь иргэний зэвсэг хадгалах, биедээ авч явах эрх олгосон Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөд харшлахгүй гэдгийг Ж.Байден онцлов.


Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Бид галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой хямралыг сөрөөд зогсохгүй эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн хямралыг даван туулах алхмуудыг авна. Миний зөвлөмж болгох зүйлс хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөд нөлөөлөхгүй” гэжээ.


"АНУ-д өдөрт хүн рүү гал нээсэн олон хэрэг бүртгэгддэг. Засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Энэ бол бидний зогсоох шаардлагатай тахал юм” гэж тэрбээр мөн хэлэв.


Конгресст хандан хэлэхдээ

Ж.Байден алхам хийхийг Конгресст уриалахдаа “Бид хөдлөх цаг болсон. Шалгуулахгүйгээр галт зэвсэг эзэмших боломжийг бүрдүүлээд байгаа цоорхойг арилгахын тулд Төлөөлөгчдийн танхимын өмнө нь баталсан гурван хуулийн төслийг Сенат ойрын хугацаандаа батлах хэрэгтэй. Шалгасныхаа дараа зэвсэг худалдах ёстой гэж америкчуудын дийлэнх нь үздэг" гэв.


"Эдгээр хуулийн төсөлд зэвсэг худалдан авах үеэр шалгалт явуулах, өмнө нь шүүхийн шийдвэрээр хань ижил, ойр дотныхондоо хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдож байсан хүнд зэвсэг худалдаалахыг хориглох зэргийг тусгасан” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн тайлбарлажээ.


"Энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулд улс төрийн сөрөг хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Бид аль эртнээс л хөдлөх хэрэгтэй байсан юм” гэж тэрбээр мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ