Хүний эрхийн байдлаа сайжруулахыг Кубад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-30 10:43:11

ВАШИНГТОН. /ВВС/. Улсынхаа хүний эрхийн байдлыг сайжруулахыг Кубын удирдагч Раул Кастрод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриаллаа.

Өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийсэн юм.

Тэд хоёр дахь уулзалтынхаа эхэнд инээмсэглэн, гар барьжээ. 1961 онд дипломат харилцаагаа тасалснаас хойш АНУ-Куба энэ оны дөрөвдүгээр сард анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн билээ.

Цагаан ордны мэдэгдсэнээр, хоёр улс нийслэл хотууддаа ЭСЯ-даа харилцан эргэн нээснээр дипломат харилцаагаа сэргээснийг Обама дурсаад, Кастрод, “Харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд АНУ Кубад авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж байна” гэжээ.

Хориг арга хэмжээг бүгдийг нь хурдан цуцлахыг Обамагаас Кастро хүссэн бололтой.

Гэхдээ АНУ-ын конгресст олонхын суудалтай Бүгд найрамдах намынхан хориг арга хэмжээг цуцлахыг эсэргүүцэж байгаа юм. Тус намынхны үзэж буйгаар, Кубад хүний эрх зөрчигдсөн хэвээр байгаа ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд