МАГАТЭ шинжээчдээ Япон руу илгээнэ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-15 10:40:22

ТОКИО. /NHK/. "Фүкүшима-1" АЦС-аас далайд ус асгах тухай шийдвэр хэд хэдэн оронд болгоомжлол үүсгээд байгаатай холбогдуулан МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлаг олон улсын шинжээчдээ Япон руу илгээх боломжийг судалж байна.

“Бид аливаа болгоомжлолд нухацтай хандах ёстой. Бид Японы Засгийн газартай хамт хариуцлага хүлээнэ. Шинжээчдийн багийг бид янз бүрийн улс орноос бүрдүүлж магадгүй юм. Сэтгэл түгшээсэн ноцтой тохиолдол бүрийг хэлэлцэх шаардлагатай бөгөөд ингэснээр мөн техникийн үүднээс дүн шинжилгээ хийх боломжийг олгох юм” хэмээн МАГАТЭ-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси ярьжээ.

Судлаачдын багийн бүрэлдэхүүнийг Японы Засгийн газартай зөвшилцөж магадгүйг тэрбээр мөн хэлсэн байна. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Японы хөрш орнуудаас гишүүн элсүүлэх эсэх асуудлыг МАГАТЭ судлах аж. 


АЦС-ын усыг далайд асгах бэлтгэх ажил хоёр жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд нэмэлт тоног төхөөрөмжийг бэлтгэж шалгах зэрэг ажлыг гүйцэтгэх аж. Одоо “Фүкүшима 1” станцын нөөцлүүр савуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч  цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгджээ.


Харин Фүкүшима мужийн иргэд болон Японы загас агнуурын салбарынхан бохирдолтой усыг далайд асгахыг эсэргүүцэж буй юм. Загас агнуурын холбооны дарга өмнө нь Ерөнхий сайд Сүгатай уулзахдаа цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. 


Түүнчлэн БНХАУ, БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ. 


Холбоотой мэдээ