COP32 бага хурал Этиопт болох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-12 17:34:52

БЕЛЕМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AFP/. Уур амьсгалын асуудлаарх ирэх оны НҮБ-ын бага хурлыг Австрали, Туркийн аль нь зохион байгуулах нь тодорхойгүй хэвээр байна. Харин 2027 оны бага хурлын хувьд Африкийн Этиопт зохион байгуулагдах нь ерөнхийдөө тодорхой болжээ.


Энэ талаарх мэдээ Бразилын Белем хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын /COP30/ хоёр дахь өдөр гарсан байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээнд оролцогчдын Африкийн бүлгийн дарга Ричард Муюнги тус бүлэг “Этиопийг дэмжиж байгаа” гэж AFP агентлагт мэдэгджээ. COP30-ыг даргалагч Бразилын тал мөн Африкийн орнуудын сонголтыг баталсан байна.


Гэхдээ энэ шийдвэр нь хараахан албан ёсны болоогүй байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд дуусах бага хурлын үеэр бүх оролцогч тал шийдвэрийг албан ёсоор батлах шаардлагатай юм.


“Бид COP32-ыг Этиопт зохион байгуулахыг сайшааж, Африкийн уур амьсгалын тэргүүлэх чиглэлүүд, манлайллыг дээшлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж “350.org” ашгийн бус байгууллагын Африкийн төлөөлөгч Рукия Хамис хэлжээ.


НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлыг таван бүс нутгийн блокуудын дунд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд тэд өөрсдийн бүлэг дотроо зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулагч улсыг сонгох ёстой.


Энэ жилийн хувьд Бразил нь Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын нэрийн өмнөөс COP30-ыг зохион байгуулахаар сонгогдсон юм. Харин Африкийн ээлж 2027 онд болох бөгөөд Нигери мөн зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байжээ.


“COP32-ыг зорин ирэх та бүхнийг Аддис-Абебад хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Бразил дахь Этиопын Элчин сайд Леулсегед Тадесе Абебе нэгдсэн хуралдааны үеэр хэлээд, тус улс анхны бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэдгийг нэмж хэлсэн байна.


Африкийн Холбооны төв байр байрладаг Этиопын нийслэл нь тус холбооны жил тутмын уулзалтуудаас эхлээд олон тооны олон улсын бага хурал зэрэг дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах тал дээр ихээхэн туршлагатай ажээ.

Холбоотой мэдээ