Дархан сумын хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-18 11:19:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 4 дүгээр сарын 17-ны 19:00 цагийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Тодруулбал 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал 6 хоног Дархан сумын хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгалаа. Ингэснээр Дархан сумын хэмжээнд дараах 5 үйл ажиллагааг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг зогсоолоо. Үүнд: Эрчим хүч, дулаан, ус хангамж зэрэг дэд бүтцийн байгууллага, эрүүл мэнд, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны байгууллага, шатахуун, түлш хангамж, буяны ажилд хязгаарлалт тогтоогоогүй.

Иргэдийн тухайд өрхөөс нэг иргэн хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүр болон эмийн сангаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, өдөрт нэг удаа үйлчлүүлнэ. Зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд гадуур явахгүй байх. Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох болон архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг бүрэн хориглолоо.

Дархан сумын хэмжээнд замын хөдөлгөөний зөвшөөрөгдсөн чиглэлийн тухайд: Дээрх хугацаа заагдсан өдрийг дуустал доорх маршрутын дагуу зөвшөөрөл олгогдсон авто машинууд замын хөдөлгөөнд оролцоно.

1. Парк таун- Хараагийн 4 замын уулзвар- Аймгийн ЗДТГ-ын 3 замын уулзвар  Анагаах ухааны их сургуулийн уулзвар – Шинэ хорооллын 27 дугаар байрны арын 3 замын уулзвар- DBS телевизийн 4 замын уулзвар хүртэл зөвшөөрөгдсөн авто машин сөрөг хөдөлгөөнтэйгээр оролцоно.

2. DBS телевизийн уулзвараас- Хээтэй хорооллын арын зам- аюулгүйн тойрог- Монгол алтны 4 замын уулзвар- Хүнсний үйлдвэрийн 3 замын уулзвар- Гэгээ дэлгүүрийн урд байрлах 3 замын уулзвар- Ногоон зоорь - Модны захын арын зам- Буян захын ард байрлах 5 замын уулзвар- Шинэ зам - DBS телевизийн 4 замын уулзвар хүртэл сөрөг хөдөлгөөн байхгүйгээр нэг чигийн урсгалаар замын хөдөлгөөнд оролцоно.

3. Хүнсний 3 замын уулзвараас- Өргөөгийн 4 замын уулзвар- Дархан сумын ЗДТГ-ын байр- Гурилын үйлдвэрийн төмөр замын гарам хүртэл сөрөг хөдөлгөөнтэйгөөр замын хөдөлгөөнд оролцоно.

Зөвшөөрөгдсөн чиглэлийн ажилтнууд ажлын үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа биедээ авч явна.

Зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэдгийг иргэд та бүхэн анхаарна уу.

 

Холбоотой мэдээ