Завь хөмөрсний улмаас 7 иргэн усанд осолджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-22 11:53:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар, аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон байна. 

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс тасарснаар завь нь хөмөрч 3 иргэн нь гарч, 7 нь осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Өглөөний 6.00  цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ