NASA-гийн нисдэг тэрэг Ангараг дээр хоёр дахь удаагаа нисжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-04-23 11:14:27

НЬЮ-ЙОРК. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Ingenuity” бяцхан нисдэг тэрэг Ангараг гараг дээр хоёр дахь удаагаа амжилттай нисжээ.


“Ingenuity” "хоёр дахь нислэгээ амжилттай хийж, навигацийн хар цагаан камераараа зураг авав" гэж NASA твиттер хуудсандаа мэдээлжээ. "Түүнчлэн нислэгийн өндөр, нисэх хугацаа, хажуугийн нислэгийн шинэ хязгаарыг давсан" гэж мэдээлсэн байна. Энэ туршилтын үеэр уг аппарат 5 орчим метрийн өндөрт хөөрч, хэсэг зуур ниссэнийхээ дараа хажуу тийш 2 метр нисээд, дараа нь өнгөт зураг авахын тулд камераа янз бүрийн чиглэлд чиглүүлэх эргэлт хийнэ. Үүний дараа “Ingenuity”-г хөөрсөн газарт нь буулгахаар төлөвлөж байна гэж NASA өмнө нь мэдээлж байжээ.


NASA Ангарагийн гадаргуу дээр "Ingenuity"-ийн сүүдэр харагдах хар цагаан зургийг нийтэлсэн байна.


“Ingenuity” Ангараг дээр анхны нислэгээ даваа гарагт хийсэн юм. 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг гаргийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газарджээ.


80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Ангараг гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээсэн байна. 


Холбоотой мэдээ