Дели хотын эмнэлгүүдэд хүчилтөрөгч хүрэлцэхгүй байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-23 12:15:35

ЛОНДОН. /BBC/. Энэтхэгийн нийслэл Дели хотын 6 эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц шавхагдаж дуусжээ.


Эмч нарын мэдэгдсэнээр, бусад эмнэлэгт өвчтөнүүдийг хэдхэн цагийн хугацаанд хүчилтөрөгчөөр хангах боломж байгаа аж.


Хүчилтөрөгчгүйн улмаас хэд хэдэн хүн нас барж, эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн орнуудын 99 хувь нь дүүрчээ.


Энэтхэгт коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэгдээд байгаа юм. Пүрэв гарагт тус улсад халдварын өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 16 сая орчимд хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт халдварын 314 835 тохиолдол шинээр илэрч, нас барсан 2104 тохиолдол бүртгэгджээ.


“NDTV” телевизийн мэдээлснээр, хүчилтөрөгчийн нөөцлүүрийг бусад муж руу зөөвөрлөхийг хориглосон байна. Үүнээс гадна мужийн эрх баригчид хүчил төрөгч нууцаар нөөцөлсөн хэмээн зарим эмнэлгийг буруутгажээ.


Хэвтэж буй эмнэлэгт нь хүчилтөрөгчийн нөөцгүй болоход хэдхэн цаг үлдээд байгаа тухай  Энэтхэгийн улс төрч Саурабх Бхараваж “Твиттер” хуудсандаа тусламж хүссэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр коронавирусний халдвар авсны улмаас Дели хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ