Нэгдсэн зохицуулалтын баг цар тахлын эсрэг стратегийн алсын харааг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-28 17:58:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, НҮБ-ын Суурин зохицуулагч нарын санаачилгаар Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагааг дэмжих “Нэгдсэн зохицуулалтын баг” байгуулах ажлыг ажил хэрэг болгон өнөөдөр анхдугаар цахим хуралдааныг хамтран зохион байгууллаа.


Уг хуралдаанд нийт Засгийн газар, олон улсын байгууллага, хандивлагч, элчин сайдын яамд, НҮБ-ын агентлагууд, хүмүүнлэгийн багууллагуудын төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцов. 


Энэхүү багийн гол зорилго нь Монгол улсад нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй КОВИД-19 халдварын тахлаас урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах явдал юм. Шадар сайд С. Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уг багийг хамтран удирдана. 


Хуралдааныг нээж Шадар сайд С. Амарсайхан хэлэхдээ, Монгол Улсад КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгээс олон талын дэмжлэг болж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. 


“Нэгдсэн зохицуулалтын баг нь Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажил хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн алсын харааг тодорхойлно. Түүнчлэн хүмүүнлэгийн хамтарсан ажлын богино болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажилд дэмжлэг болно. Мөн КОВИД-19 цар тахлын талаар цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд нэгдсэн зохицуулалтаар хүргэх талаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг болж ажиллана” гэж ноён Тапан Мишра онцоллоо. 


Хуралдаанаар Шадар сайдын ажлын албанаас өнөөгийн цар тахалтай тэмцэж, цаашид нийгэм, эдийн засгийн болон хүмүүнлэгийн үр дагаврыг аль болох бага түвшинд байлгахад нэн шаардлагатай дэмжлэг тусламжийн талаар оролцогчдод танилцууллаа. 


Тус хурлын үеэр НҮБ-аас цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл, ялангуяа цар тахлын иргэд болон бизнесийн ажилд хэрхэн нөлөөлж буй мэдээллийг нэг дороос цогц байдлаар хүргэх зорилгоор санаачилсан КОВИД-19 мэдээллийн нэгдсэн вэбсайт (www.covidmongolia.mn)-ыг   танилцуулж, уг вэбсайтыг албан ёсоор нээв.


Энэхүү нэгдсэн баг байгуулах санаачилгыг оролцогчид таатай хүлээн авч, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг илүү нягт, үр дүнтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ