Хорин мянган эцэг хүүхдээ гэртээ асарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-30 17:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурав хүртэлх настай хүүхдээ гэртээ асарч байгаа аавууд тэтгэмж авах боломжтой болж байна.  Судалгаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй, гэртээ хүүхдээ асарч байдаг 20 гаруй мянган эцэг байдаг гэж гарчээ. Тиймээс энэ оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн гэртээ хүүхдээ харж асарч буй эцгүүдэд тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 


Салбарын яам ХНХЯ 0-3 хүртэлх насны хүүхдээ харж асарч буй эцэг, эхийн аль нэгэнд нь буюу хүүхдээ асарч буй хүнд нь тэтгэмж өгч байхаар хуулийн өөрчлөлтийг зохицуулахаар оруулж, хүүхдээ харж буй аавуудыг үүнд хамруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


Улсын төсөвт энэ жил 196 мянган эхэд 92 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор суулгасан юм. Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7200 хүн авч байна. Үүнд өөрчлөлт хийхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй аавууд тэтгэмж авах хуулийн боломж нээлттэй болж ирэх юм. Аавуудад олгох тэтгэмжийг төсөв дотроо зохицуулалт хийхээр төлөвлөж буйгаа ХНХЯ-наас мэдэгдэж байна. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн 3 заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ энэ оны 1 дүгээр сард хүлээн авсан юм. 3 хүртэлх настай хүүхдээ асарч байгаа эхэд тэтгэмж олгоод эцэгт олгохгүйгээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан юм. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж одоо эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. 

Холбоотой мэдээ