Дарханы замын далангийн ажил ид өрнөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-01 10:56:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулах ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцав.


Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийгдэх бол “Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж. 


“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна.  Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь. “Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна. 



Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.


Уг бүтээн байгуулах ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж байна. Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна.



Сайд Л.Халтар авто замын бүтээн байгуулах ажлыг газар дээр нь үзэж танилцах үеэр, гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүч хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулсан, талбай дээр түүнээс хэчнээн нь ажил гүйцэтгэж байгаа тоог өдөр бүр танилцуулахыг үүрэг болгов. Мөн бүтээн байгуулах ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулах, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлах, гүүр хоолойн ажлыг идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө.



Түүнчлэн КОВИД-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ