Код бичих сургалтад 30 охиныг хамруулах хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-01 11:50:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Код бичих сургалтад 30 охиныг хамруулах хөтөлбөрийн бүртэл өнөөдөр эхэлж байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-аас өнөөдөр мэдээллээ. 


ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан тус хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Сургалтыг зургаадугаар сарын 14-нөөс эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.


Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна.


Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөрийг ХХМТГ-аас ийнхүү зарлаж байна.


Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавьж буй. Үүнд,


  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх,
  • Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй,
  • Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх,

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing

Холбоотой мэдээ