Хөхморьт сумын 50 малчин 50 хонь хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-01 18:51:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тохиолдол батлагдаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Аймгийн онцгой комисст Хөхморьт сумын 50 малчин 50 хонь хандивлажээ.

Энэхүү хандивын 50 хонийг дөрөвдүгээр сарын 30-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж Онцгой комиссын албаны төлөөллүүдэд гардуулсан юм. Хандивын хонийг коронавирусний халдвар авсан иргэдийн дархлааг дэмжихэд зориулна хэмээн АОК-оос мэдээлэв. Түүнчлэн “Домогт Хан Алтай” ХХК-аас коронавирусний халдвартай тэмцэх ажилд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл болох таван сая төгрөгийн үнэ бүхий: 

-N95 амны хаалт 500 ширхэг

-Халуун хэмжигч багаж 20 ширхэг

-Гурван давхар шүүлтүүртэй амны хаалт 1500 ширхэг

-Хамгаалах цагаан хувцас хэрэглэл 100 ширхэг

-3D шилэн нүүрний хаалт 500 ширхэгийг хандивлав. Мөн тусламжийн цуваа хүргэх тээврийн хэрэгслийн шатахуунд нэг сая төгрөгийг АОК-д хандивласан байна. Үүний зэрэгцээ тус компани тус аймгийн Цээл сумын Онцгой комисст гурван сая төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нэг сая төгрөгийн хамт хандивлажээ.

Мөн нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба сангаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусний халдвартай тэмцэхэд цаг наргүй ажиллаж буй алба хаагчид болон Аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгож 300 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивласан тухай АОК-оос танилцуулж, талархал илэрхийллээ.


Холбоотой мэдээ