Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааны урьдчилсан дүн, үйл явц”-ын талаарх мэдээллийг энэ сарын 4-нд буюу Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр олон нийтэд хүргэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярын өдөр 11.00 цагаас Үндэсний Статистикийн хорооны Facebook дэх албан ёсны цахим хуудсаар дээрх судалгааг шууд дамжуулах юм.
Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон даяар төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байгаа юм. Уг судалгааг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох зорилгоор авч дуусгажээ.
Шууд дамжуулахад, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш Ц.Өнөрбаян, Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар оролцож мэдээлэл өгөх юм.