“Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хэрэгжилтийг Берлиний олон улсын чуулганд танилцуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-07 15:10:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төслийн хүрээнд "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга-түншлэл" үндэсний чуулга уулзалт зөвлөгөөн энэ 7 хоногт улс даяар цахимаар болж өнөөдөр хаалтаа хийж байна.


Энэ үйл ажиллагаанд 10 шахам мянган хүнийг цахимаар оролцох боломжийг бүрдүүлснээр, 15 мянган үзэгч, 1200 сэтгэгдэл ирж санал бодлоо илэрхийлснээр Монголын хамгийн олон цахим оролцогчтой болсныг зохион байгуулагчид онцолж байна. 


"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга-түншлэл" үндэсний чуулга уулзалт зөвлөгөөнд манай улсын байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын төрийн захиргааны болон боловсролын мэргэжил арга зүйн бүх  түвшний төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг хамруулан Тогтвортой хөгжлийн боловсрол олгох талаар салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган, түншлэл, хамтын ажиллагааны үндэсийг тавьж буйгаар онцлог боллоо хэмээн оролцогч нар дүгнэж байна. 


УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар хэлэхдээ, "Дэлхий даяар тавьж, зорьж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэх нь хүн төрөлхтний өнөөгийн үүрэг болж, Монгол Улсын төр, засаг ч үүнийг биелүүлж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй"-г онцлоод Тогтвортой хөгжилгүйгээр боловсрол гэж байхгүй, боловсролгүйгээр Тогтвортой хөгжил хэрэгжихгүй гэдгийг тодотгож, энд мэдлэг, чадвар, төлөвшилтэй шинэ зууны иргэдийг бэлтгэх үүрэг бидний өмнө байна гэдгийг тэмдэглэв.


БОАЖЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, Дэлхий нийтийн хүрээнд тунхагласан 1992 оноос хойш Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах, ерөнхий боловсролын хуулиудын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан бүх нийтэд хамарсан Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг онцоллоо.


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, "Дэлхийн хэмжээнд улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үүрэг амлалт авсан энэ үед Тогтвортой хөгжлийн боловсролыг бүс нутагтаа болон дэлхийн хэмжээнд, улс орнууд өөрсдийн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Монгол Улс үүнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд ЮНЕСКО дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэв. 


"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга-түншлэл" үндэсний чуулга уулзалт зөвлөгөөн дээр Тогтвортой хөгжлийн боловсролыг олгоход байгаль орчноо хамгаалах, эко хэрэглээг нэвтрүүлэхийг чухалчилж, хүн төрөлхтөн 2020 онд хэрэглэх байгалийн нөөцөө эхний 8 сард дуусгасан жишээг хөндөж байлаа. Тухайлбал, нэг ширхэг өмд хийхэд даавуун цамц үйлдвэрлэхэд 2700 л ус ашигладаг. Гэтэл 2 тэрбум хүн өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалтай, мөн төдий тооны хүн жингийн илүүдэлтэй байна. Бидний худалдан авсан зүйлсийн 99 хувь нь 6 сарын дотор хаягдал болж буйг хөндөж байв. 


“Тогтвортой хөгжлийн боловсролын түншлэл, хамтын ажиллагаа” олон улсын виртуал чуулган Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БОАЖЯ, БШУЯ хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд ийнхүү болж, Монгол орны 21 аймаг, бүх сумын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг дэлхийн улс орон өнцөг булан бүрээс төлөөлөл шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.


“Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд хүрсэн ололт амжилт, энэ удаагийн виртуал үйл ажиллагааны туршлагыг энэ оны 5 дугаар сарын 16-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулах Тогтвортой хөгжлийн олон улсын чуулганы үеэр Швейцарын Холбооны улсаас дэлхийн нийтэд танилцуулах юм. 



Холбоотой мэдээ