PCR шинжилгээтэй ч орон нутгаас зөвшөөрөлгүй бол нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-10 10:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан УОК-оос "Хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам" гаргаад байгаа. Уг журмыг аймаг, орон нутаг мөн адил мөрдөнө гэдгийг УОК-ын шуурхай штабаас мэдэгдэж байна.


Ингэхдээ хөдөө, орон нутаг зорчих иргэд аймаг, сумын Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авч явна гэдгийг мөн мэдэгдэж байна. 


УОК-оос гаргасан хот хооронд зорчих журмыг хөдөө, орон нутагт мөн адил мөрдөнө.


Журамд зааснаар зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд нийслэл хотоос орон нутгийг зорьж, мөн нийслэл рүү нэвтрэх юм. Хот, орон нутаг хоорондын шалган нэвтрүүлэх товчоогоор эрүүл мэндийн шалтгаантай яаралтай эмнэлгийн тусламж авах иргэд, мөн буяны ажлаар зорчих иргэдийг нэвтрүүлнэ. Буяны ажлаар яваа иргэдэд ойр дотны болон гэр бүлийн хүрээний хүмүүс байх ёстой аж. Мөн байнгын оршин суудаг өөрийн харьяа орон нутаг руу буцах иргэдийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийг хязгаарлалтгүйгээр явуулж байна. Үүнд, хүнс, шатахууны тээвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн болон томоохон бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, тэдгээрийн бараа ачаа, мөн газар тариалан, зам, барилгатай холбоотой тээврүүд орж байна. Эдгээрээс бусад ачаа тээврийг зөвшөөрөхгүй гэдгийг УОК-ын шуурхай штабаас мэдэгдэж байна. 


Үндсэн харьяалалтай газар руу явж буй иргэдийн хүсэлтийг аймаг, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабууд цахимаар хүлээн авч байна. 



Дээр дурдсанаар хүндэтгэн үзэх болон зайлшгүй шаардлагатай иргэд, жолооч нар тухайн аймаг, орон нутгийн Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авч зорчино. Нэвтрэх тээврийн хэрэгсэл болон жолооч иргэд шалган нэвтрүүлэх товчоон дээр 3 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх юм. Үүнд, зорчих зөвшөөрөл, PCR-ийн шинжилгээний хариу, вакцинд хамрагдсан болон өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн магадлагаа орж байна. Эдгээр баримт бичиггүй иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг мэдэгдэж байна. Вакцинд хамрагдаагүй тохиолдолд орон нутгийн зөвшөөрөлтэй байсан ч нэвтрүүлэхгүй, заавал PCR шинжилгээний хариу шаардахыг сануулж байна. Мөн PCR-ийн шинжилгээ хийлгэсэн ч орон нутгаас зөвшөөрөл өгөөгүй бол мөн нэвтрүүлэхгүй. Зөвшөөрөл нь тухайн очих чиглэлийг тусгасан байхыг анхааруулж байна. Үндсэн харьяалалтай газар руу явж буй иргэдийн хүсэлтийг аймаг, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабууд цахимаар хүлээн авч байна. 



Холбоотой мэдээ