Вакцин хийлгэсэн гэж тайвшрах нь халдварын том давлагаа үүсгэх эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-10 12:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорио дууссан ч Ковид дуусаагүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй хэмээн ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан санууллаа.


Тэрбээр, “Вакцины хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа илүү тогтоно. Тиймээс вакцин хийлгэсэн гээд "хуурамч тайвшрал" үүсгэж болохгүй. 20-50 насны хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс хамгийн их өвчилж байна. Эдгээр хүмүүс ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэлтэй. Вакцины дараах тайвшралын улмаас том давлагаа үүсэх эрсдэл бий гэдгийг санаж аль болох хоорондоо уулзахгүй байх, гэртээ хүн урихгүй байх, айлд зочлохгүй байх хэрэгтэй. Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт 3000 гаруй тохиолдол илрэх байсан. Вакцины хамгаалах урвалыг 80 хувь гэж үзвэл хүн амын 20 хувь буюу 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо хүртэл бий. Тэгэхээр хүндрэл, нас баралт тэр хэрээр бий. Мөн хүүхдийг вакцин хийлгээгүй байгаа. Хүн бүрд вакцины дархлаа тогтох урвал өөр байна. Тиймээс хүмүүс нэг дор цуглахгүй байх нь хамгийн чухал. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч том давлагаа гарахыг үгүйсгэхгүй” хэмээв.

Холбоотой мэдээ