О.Нандин-Эрдэнэ: Аливаа зүйлийг тууштай хийгээд байвал үр дүн нь заавал гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-11 14:59:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ АНУ-ын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Тус сургууль нь АНУ-ын Засгийн газраас санхүүждэг бөгөөд FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын солилцооны хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ингээд О.Нандин-Эрдэнийн сэтгэгдлийг хүргэе.

АНУ-ын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсонд баяр хүргэе. Энэ хөтөлбөрт хэрхэн оролцох болов. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Анх манай нөгөө ангийн охин энэ хөтөлбөрт тэнцсэн гэдгийг сонсоод “Хөөх, ямар гоё юм бэ? Америкт нэг жил тэтгэлгээр сурна гэдэг чинь аймаар том боломж шүү дээ. Дараа жил юу ч гэсэн оролцоод үзнэ ээ" гэж бодсон. Ингээд өөрийгөө дайчилж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн намар энэхүү хөтөлбөр зарлагдангуут нь цахимаар гурван эсээ, англи хэлний мэдлэг шалгах тест, санал асуулга бөглөөд явуулсан. Тэгээд өвөл 12 сард 2 дахь шатанд тэнцсэн гэдгээ сонсоод үнэхээр их баярласан. Одоо ганцхан шат л байна даа гээд баярлаад, бөглөх аппликэйшнээ хараад “Ямар их юм бэ, ямар хэцүү юм бэ? Хөтөлбөрт шалгарна гэдэг худлаа юм байна даа" гэж ухайн үед шантарч байсан шүү. Гэхдээ одоо ингээд харахад тэр олон зүйл намайг энэ хөтөлбөрт тэнцэх боломжийг олгосон болохоор тэр үедээ өөрийгөө дайчилсандаа баярлаж байгаа.

-Өөрөө англи хэлийг хэзээнээс эхлэн сонирхон хичээллэв. Мөн өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?

-Миний хувьд англи хэлийг бусдын адил 5 дугаар ангиасаа сураад 6 дугаар ангиасаа гүнзгийрч, ЭЕШ-ийн материал дээр ажилладаг болсон. Ингээд 8 дугаар ангиасаа завсардаад 10 дугаар ангиас дахиад англи хэлээ эрчимтэй давтаж эхэлсэн. Би чөлөөт цагаараа Netflix-ээс кино үзэж, Xreading-ээс ном уншдаг.

-Англи хэл дээр ном унших, кино үзэх зэрэг нь тухайн хэлийг сурахад их нөлөө үзүүлдэг биз. Аль нь илүү үр дүн өгч байна вэ?

-Кино үзэх нь сонсох, ярих чадварыг хөгжүүлдэг. Харин ном унших нь бичих, унших чадварыг сайжруулдаг. Иймээс хоёулаа үр дүнтэй. Маш чухал сурах бичиг болж өгдөг.

-Энэ шалгаруулалтад ороход яг ямар мэдлэгүүдийг шаардаж байна. Хүүхдүүдээс ямар ур чадварыг илүүд үзэж байх шиг санагдав?

-FLEX-ийн шалгаруулалт дүрмийн мэдлэг, үгийн сан, унших, сонсох гээд олон чадварыг шалгадаг юм билээ. Миний хувьд кино үзэж, ном уншиж байсан минь маш их давуу тал болсон.

-За үе тэнгийн найз нартаа хандаж юу хэлэх вэ?

-Хүүхдүүдэд хандаж хэлэхэд өдөр бүр өөрийнхөө дуртай зүйлийг тууштай хийгээд байвал үр дүн нь заавал гардаг юм байна шүү. Та нар минь тууштай, тасралтгүй, ядралгүй, шантралгүй хичээгээд байгаарай гэж хэлье.

 

Холбоотой мэдээ