Энэтхэгийн Covaxin вакциныг хүүхдүүд дээр туршина

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-05-12 14:21:28

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгт дотоодын компанийн бүтээсэн коронавирусний “Covaxin” вакцины хоёр, гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтыг 2-18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулахаар төлөвлөж байна. 


Ийм шийдвэрийг мягмар гарагт Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллагын шинжээчдийн хорооны хуралдааны үеэр гаргажээ. Туршилтад 525 хүүхдийг оролцуулах бөгөөд Шинэ Дели, Патна, Нагпур хотуудын эмнэлгүүдийн төвүүдэд явуулахаа төлөвлөсөн байна. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, хоёр дахь шатны туршилтын аюулгүй байдлын завсрын үр дүнг танилцуулсны дараа л гурав дахь үе шатанд шилжих аж.


“Covaxin” вакциныг “Bharat Biotech” компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран бүтээсэн юм. Энэтхэгт одоогийн байдлаар “Covaxin”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн “Covishield” болон Оросын "Спутник V" вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Эдгээр вакциныг зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрчээ. 

Холбоотой мэдээ