Иргэний нийгмийн байгууллагууд аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-13 18:23:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан сүлжээ аймгийн ЗДТГ-тай урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Европын холбооны санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Дэлхийн зөн ОУБ, аймгийн ЗДТГ болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төслийн сүүлийн буюу дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн гол зорилго нь иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хүртээмжтэй, тэгш, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юм. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах болон иргэдийн орон нутгийн хөгжилд оролцох оролцоо. Тэдгээрийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төсөлтэй хамтран ажиллаж байгаа 25 иргэний нийгмийн байгууллага нэгдэж “Хөгжилд хамтдаа” сүлжээг байгуулан зохицуулах зөвлөлөөр удирдуулан 2018 оноос хойш ажиллаж байна.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний зохицуулах зөвлөлийн дарга Р.Алтан-Өлзий нар урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар цаашдын жилүүдэд төсөл хэрэгжиж дууссаны дараа ч гэсэн орон нутгийн удирдах байгууллага иргэний нийгмийн байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааг хангах боломжтой болж байгаа юм.

Мөн энэхүү арга хэмжээнд Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбат, холбогдох хэлтэс агентлагийн дарга нар, төслийн ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцож аймгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь Завхан аймгийн тогтвортой өсөлт хөгжилд урт хугацаанд тодорхой эерэг үр дүнгүүдийг авч ирэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна гэж Дэлхийн зөн ОУБ-ын Завхан салбараас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ