Жендэрийн тэгш эрхийг хангах хөрөнгө оруулалтын орчны талаар цахимаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-14 18:47:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь" цахим уулзалт боллоо.


Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь 23 оронд хэрэгжиж байгаа. Энэ нь жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, хууль эрх зүй, зохицуулалтын шинэчлэл өрнүүлэх, төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засаг, санхүүгийн хүртээмжийг сайжруулах “Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх бодлогын замын зураглал”-ыг гаргахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.


ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ үеэр “Монгол Улс НҮБ-аас дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж, Эмэгтэйчүүдийг ялгаварлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах, мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэднийг эрх мэдэлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Эмэгтэйчүүд улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэгтэй оролцдог ч тэдний эд хөрөнгө эзэмших нь хангалтгүй, хөдөлмөрийн үнэлгээ доогуур байна. Иймд хөдөлмөрийн харилцаанд тэдний эрхийг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй байхыг холбогдох хууль, бусад бодлогын шинэчлэлийн хүрээнд шийдэхээр зорьж байна” гэв.


ХНХЯ-наас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг дэмжих хэд хэдэн заалт тусгагдсаны дотор зайнаас ажиллах үеийн зохицуулалт, дадлагажигч, бүтэн бус цагийн гэрээт ажилтан, хавсран гүйцэтгэх, зэрэгцээ ажлын гэрээний талаарх ойлголтыг нарийвчлан тусгаад байна.


Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг дэмжсэн хуулийн заалтыг баталснаар албан бус эдийн засагт ажиллагчид нийгмийн хамгааллын тогтолцооны гадна үлддэг байдал багасаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж нь нэмэгдэх аж.

Цахим уулзалтад ЕСБХБ, ХНХЯ, СЯ, ЖҮХ, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Холбоотой мэдээ