ДЭМБ-ын тэргүүн вакцинаасаа хуваалцахыг баян орнуудад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-15 11:54:25

ЛОНДОН. /BBC/. Баян чинээлэг орнууд хүүхэд, өсвөр насныхныг коронавирусний вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөгөө түр хойшлуулж, бага орлоготой орнуудад вакцинаасаа хуваалцах хэрэгтэй гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус мэдэгджээ.


Вакциныг шударга хуваарилах зорилготой “Covax” олон улсын механизмаар дамжуулан дэлхий дахиныг илүү их вакцинаар хангахыг тэрбээр баасан гарагт чинээлэг улс орнуудад уриалсан байна. Энэхүү механизм нь хэрэгжиж байгаа ч вакцины хуваарилалт улс орнуудад жигд бус хэвээр байгаа юм. Хэрэглэх зөвшөөрөл олгогдож эхэлснээс хойш вакцины нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь чинээлэг орнуудад хийгджээ.


Улс орнууд аль болох олон иргэнээ вакцинжуулахыг зорьж байгаа юм.


"Бага болон бага дунд орлоготой орнуудад эмнэлгийн ажилтнуудад ч “Covid-19” вакцин хүрэлцэхгүй байгаа бөгөөд эмнэлгүүд нь яаралтай тусламж хэрэгтэй байгаа өвчтөнүүдээр дүүрчээ. Зарим улс орон өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах гэж яарч байгааг нь би ойлгож байна. Гэсэн ч энэ төлөвлөгөөгөө яг одоо эргэн харахыг би уриалж байна” хэмээн  Тедрос Аданом Гебреисус Женев хотод болсон цахим бага хурлын үеэр хэлсэн байна. 


Өсвөр насныхны дархлаажуулалтыг эхлүүлж, 7 дугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины дор хаяж эхний тунг хийлгэсэн байна гэж найдаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.


Түүнчлэн Канад улс “Pfizer”-ийн вакциныг 12-15 насныханд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа юм. Халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа тус улсын Альберта мужид 12-аас дээш насныханд вакцин хийлгэхийг санал болгоод байгаа аж. Мөн Швейцарын зарим бүс нутагт 16 насныхныг вакцинд хамруулахыг санал болгожээ. 

Холбоотой мэдээ