Коби Брайант Алдрын танхимд мөнхлөгджээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-16 10:34:48

ВАШИНГТОН. /ESPN/. Лос-Анжелес Лейкерс багийн домогт тамирчин Коби Брайантын нэрийг Жеймс Нейсмитын нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлжээ.

Нэрт тамирчны нэрийг мөнхлөх ёслолын ажиллагаа Коннектикут муж улсын Анкасвилл тойрогт болсон байна. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга,  Олимпын хошой аварга, бүх оддын тэмцээнд 18 удаа оролцсон К.Брайант Лейкерс багийн олон амжилтыг эзэмшдэг бөгөөд үүнд хамгийн олон тоглолтод оролцсон, олон оноо авсан, олон удаа бөмбөг тасалсан зэрэг багтдаг юм.

Коби Брайантаас гадна Тим Данкан, Кевин Гарнетт зэрэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргууд, мөн тус холбооны эмэгтэй аварга, олимпын аварга Тамика Кэтчинс, дасгалжуулагч Руди Томьянович, Ким Малки, Барбара Стивенс, Эдди Саттон, менежер Патрик Бауман нарыг Алдрын танхимд элсүүлжээ.

Сагсан бөмбөгийн Алдрын танхимд мөнхлөхөөр шигшигдсэн тамирчдын нэрсийг 2020 оны 4 дүгээр сард зарласан юм. Ёслолын ажиллагаа 8 дугаар сард болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас хойшлогдсон аж.

Коби Брайант өнгөрсөн оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Ослын улмаас амиа алдсан нисгэгч, 8 зорчигчийн дунд түүний охин Жианна байсан юм.

Холбоотой мэдээ