“Хүүхдэд ээлтэй жолооч” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Хүүхдэд ээлтэй жоооч” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Арга
хэмжээтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, аймгийн ЭМГ-ын Өсвөр
үеийн эмч Б.Мөнхзул, Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Э.Нямбаатар, БСУГ-ын
мэргэжилтэн Д.Батдорж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн
тасгийн дарга, дэд хурандаа С.Хурцбилэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Аймгийн хэмжээнд 2020 онд
бага насны 14 хүүхэд зам тээврийн осолд өртөн бэртэж гэмтсэнээс 1 хүүхэд амиа алдсан байна. 2021 он гарснаас хойш 5 хүүхэд зам
тээврийн осолд өртжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ үзүүлэлт
буурсан нь цар тахлын улмаас хөл хорио тогтоон авто тээврийн болон иргэдийн
зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэв. Гэвч хөл хорио суларч хүүхдүүд
хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцох нь ихэссэн. Үүнээс үүдэн 15 хүртэлх насны
хүүхдүүд осол аваарт өртөн, бэртэж гэмтлийн тасагт ирэх нь их байна. 10-16 насны хүүхдүүдэд зориулалтын
суудал өндөрсгөгч хэрэглэдэггүйгээс зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдолд
ихэвчлэн нуруу нугасны хүнд гэмтэл авдаг байна.
Томчууд бага насны хүүхдээ дагуулан
авто замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо гэрлэн дохиог анзаардаггүй, гарцгүй
газраар зам хөндлөн гардаг зэрэг өөрсдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй
байдлаас шалтгаалан хүүхдээ зам тээврийн ослын хохирогч болгох тохиолдол гардаг
байна.
Аймгийн хэмжээнд ЕБ-ын 27 сургууль
болон 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 2020-2021 оны хичэээлийн жилд ковидын
нөхцөл байдлаас шалтгаалан 85 өдөр 680 цагаар 1680 хүн эцэг эхийн эргүүл буюу
“Сургуулийн цагдаа” -аар ажиллаж, сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг сахиулжээ.
Зам тээврийн осол нь хүн амын өвчлөл,
нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд 5-9 насны хүүхэд явган явж байх
үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн тохиолдол ослын ихэнхийг эзэлдэг
байна.
Иймд сарын хугацаанд зохион
байгуулах арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагууд батлагдсан
удирдамж, төлөвлөгөөний дагуу хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэд,
ААНБ-дад хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн
зөрчлөөс амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион
байгуулан ажиллахаар болжээ.