Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн баг үүргээ хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-03 11:22:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/ дахь “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар боллоо.


Тус улсаас эвслийн цэргийг энэ оны есдүгээр сарын 11-ний дотор татах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-нээс эхэлж байна.


Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад энэ оны тавдугаар сарын 27-нд хүлээлгэн өгснөөр эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм бааз”-д шилжин байрласан. 


Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны Үндэсний Батлан Хамгаалах Аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 28-нд болж, баазад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд өөрийн улсын төрийн далбааг буулгаж ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслол зохион байгуулав.


Уг ёслолд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт оролцсон байна.


Энэ үеэр “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер ёслолын ажиллагаанд оролцсоны дараагаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч дэд хурандаа М.Түвшинжаргалтай уулзжээ. Тэрбээр, монгол цэрэг “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг маш сайн гүйцэтгэж Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд амжилттай хүлээлгэн өгч, эх орондоо буцаж байгаад талархал илэрхийлэн, амжилт хүслээ.


Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д болсон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ