В.Путин дэлхийн хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй юу ярив?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-05 09:04:16

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт дэлхийн хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй видео хэлбэрээр холбогджээ.


Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы хүрээнд долоо дахь удаагаа болсон уг арга хэмжээг TASS” агентлагаас зохион байгуулсан байна.


Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцахаар Австри, Их Британи, Герман, Энэтхэг, Испани, Итали, Катар, Хятад, БНСУ, АНУ, Турк, Франц, Японы мэдээллийн агентлагийн дарга нар уригджээ.


Дэлхийн хэвлэлийн агентлагийн удирдлагуудтай энэ жил хийсэн уулзалтыг “хамгийн сонирхолтой” байсан гэдгийг В.Путин хүлээн зөвшөөрчээ.  


Коронавирустэй тэмцэх, түүний үр дагаврын тухайд

Цар тахлыг дахин сэдрээхгүйн тулд хүчин чармайлтаа нэгтгэхийг Оросын Ерөнхийлөгч уриалжээ. Коронавирусний дэгдэлттэй холбоотой бэрхшээлийг хараахан даван туулаагүй бөгөөд улс орнуудтай цар тахалтай тэмцсээр байх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов. “Дэлхийн хаа нэгтэй халдварын голомт үлдвэл өвчин дахин тархахад түлхэц болж чадна” гэжээ.


Путиний хэлснээр, Орос улс цар тахалтай тэмцэхэд зориулж ДНБ-ий 4.5 орчим хувийг зарцуулжээ. Энэ нь "Оросын" хувьд маш их зүйл гэдгийг Ерөнхийлөгч цохон тэмдэглэв.


Цар тахлын улмаас эдийн засаг дайнаас хойших хамгийн том уналтад орсон хэдий ч Оросын эрх баригчид хэд хэдэн чухал асуудлыг шийдэж чадсан гэж В.Путин үзэж байна.


Оросын “Спутник V” вакцинаар олон сая хүн тариулахад нас барсан тохиолдол илрээгүй хэмээн В.Путин мэдэгдэв. Цаашид ч ийм зүйл болохгүй гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. 


Улс орнууд “хэн нэгний эсрэг зогсохын тулд нөхөрлөх” зарчмаар түншлэлийн харилцаа тогтоох ёсгүй гэдгийг В.Путин цохон тэмдэглэв.


Оросын найдвартай вакцинаар тариулахыг В.Путин дэлхийн хэвлэлийн агентлагийн тэргүүнүүдэд зөвлөжээ.


Курилийг тойрсон маргаан

ЗХУ, Орос улс ч Курилийн бүлэг арлын өмнөд үзүүрийн дөрвөн арлыг шилжүүлэхийг зөвшөөрч байсан удаагүй. Японы байр суурь 1956 оноос хойш байнгын өөрчлөгдсөнийг тэрбээр сануулжээ.


Орос, Японы эрх баригчид энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцсээр байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд В.Путин хүрсэн байна. 


Цөмийн зэвсгийн асуудал

БНАСАУ-ын цөмийн асуудлыг цаашид хориг арга хэмжээгээр авах бус аюулгүй байдлын баталгаа олгох замаар шийдвэрлэх ёстой гэж ОХУ-ын Төрийн тэргүүн үзэж байна.


Дэлхий дахинд цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхийг Орос эсэргүүцдэг гэдгийг БНАСАУ мэддэг хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

 Бусад орнуудтай өрнүүлэх харилцаа

Цар тахал дэгдсэн хэдий ч Орос, Хятад худалдааны эргэлтийн хэмжээг 100 тэрбум ам.долларын түвшинд барьж чадсан хэмээн В.Путин мэдэгдэв. Хоёр улс 2024 онд 200 тэрбум ам.долларын үзүүлэлтэд хүрч магадгүй байна. Эдийн засгийн салбарт хамтарч ажиллах нь гол чиглэлүүдийн нэг гэж тэрбээр үзэж байна.


“Орос, Энэтхэгт хамтын ажиллагааны хэд хэдэн чиглэл бий. Эдгээр нь эдийн засаг, эрчим хүч, өндөр технологи, аж үйлдвэрийн цогцолбор юм. Орчин үеийн зэвсгийн систем тэр дундаа пуужингийн техник нутаг дэвсгэрт нь хамтран хөгжүүлэх, үйлдвэрлэх цорын ганц түнш бол Энэтхэг юм” хэмээн В.Путин цохон тэмдэглэжээ.


“БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар талуудын харилцаанд тулгамдсан асуудлын шийдлийг олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж В.Путин хэлжээ.


Их Британи, Орос харилцаандаа хүндэтгэлтэй хэвээр байх нь чухал гэж В.Путин үзэж байна. Хоёр улсын хамтын ажиллагааны гол салбараар тэрбээр аж үйлдвэр, шинжлэх ухаан, экологийг нэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ