СЭЛЭНГЭ: Сэлэнгэ худалдааны төвийг нийслэл хотод байгуулна

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2025-11-06 14:04:23

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн, эрүүл органик бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийг жилийн дөрвөн улирлын туршид хангах, аймгийнхаа ЖДҮ эрхлэгчдийгээ дэмжих зорилготойгоор Сэлэнгэ худалдааны төвийг нийслэл хотод байгуулахаар боллоо.

 

Тус төвийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрладаг "Делта холдинг" худалдаа, үйлчилгээний төвийн байранд байгуулах юм.

 

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын ИТХ-ын дарга болон Засаг дарга нар өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн очиж тус худалдааны төвтэй танилцлаа.

 

Тус худалдааны төв нь 750м2 бүхий талбайтай, 3000 тоннын багтаамж бүхий автомат хөргүүртэй агуулах, хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх бүрэн лабораторитой, худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай бүх хэрэгслээр хангагдсан гэдгээрээ давуу талтай юм.

 

Мөн малчид, ногоочид, үйлдвэрлэгчийн гараас шууд хэрэглэгчдэд хүргэх фермерийн худалдааны төв гэдгээрээ онцлогтой.

 

Иймээс Сэлэнгэ худалдаа үйлчилгээний төвийг байгуулах ажлыг яаравчилж, сумандаа малчид, ногоочид, үйлдвэрлэгчдийн уулзалтыг зохион байгуулан ажиллахыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж сумдын удирдлагуудад үүрэг болгоод байна.

 

Сэлэнгэ аймгийн 17 сум тус бүр өөр өөрсдийн онцлогтой үйлдвэрлэл эрхэлдэг. Иймээс сум бүрд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ногоочид болон малчдын мах, зөгийн бал, жимс жимсгэнэ, гар урлал гээд олон үйлчилгээг энэхүү төвөөр дамжуулан хүргэх юм. 

Холбоотой мэдээ