“Россия Сегодня” агентлагийн сэтгүүлчид монгол оюутнуудад сургалт явууллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-07 10:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын олон улсын мэдээллийн  "Россия Сегодня" агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Оросын сэтгүүлчид Монголын сэтгүүл зүйн ангийн оюутнуудад хоёр дахь удаагаа сургалт явууллаа. Энэ удаа цахимаар болсон сургалтын талаар МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Амартүвшингээс тодруулав. 



-Оросын сэтгүүлчид манай оюутнуудад ямар сэдвээр сургалт явуулав. Хэр үр дүнтэй болов?  


-Оросын хамгийн том мэдээллийн агентлагуудын нэг "Россия Сегодня" Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран манай сэтгүүлчийн ангийн оюутнуудад саяхан "COVID-19"-ийн талаар хэрхэн мэдээлэх вэ?" сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Цахим лекцийг Оросын агентлагийн редактор Олег Дмитриев тавьж, манай оюутнуудын асуултад мэргэжлийн сонирхолтой тайлбар өгсөн. 

Товчхондоо, манай оюутнуудын хувьд олон улсын нэр хүндтэй агентлагийн шилдэг сэтгүүлчдээс мэргэжлийн сургалт авч байгаа нь ховорхон завшаан юм.


-Яагаад танай оюутнуудыг сонгосон юм бол?

-Өнгөрсөн жил тус агентлагийн төлөөлөл сэтгүүлчид Монголд ирж, сэтгүүл зүйн сургалттай сургуулиудаар явж уулзалт хийсэн. Тэр үеэр манай сургуульд ирж оюутнуудад лекц уншиж халуун яриа өрнүүлсэн. Оюутнууд маань ч идэвхтэй оролцож, тэдэнд таалагдсан гэсэн. Харин энэ жил цахим сургалтаа манай тэнхимийн оюутнуудыг сонгосонд нь бид талархаж хүлээн авч байна. 


-Сэдэв нь цаг үеэ олжээ. Оюутнууд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой цаг үедээ нийцсэн хамгийн чухал сэдэв. Том мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн мэдрэмжээр сонгосон сэдэв гэж хэлж болно. Манай оюутнууд их сонирхож хүлээж авсан. Дараа нь ийм лекц сонссондоо талархаж байгаагаа оюутнууд бидэнд илэрхийлж байна. Тэр бүү хэл дахин ийм лекц зохион байгуулах уу гэж сонирхож байсан шүү. Лекцийн сэдвийг дуулаад манай тэнхимийн багш нар хүртэл цаг гаргаж орж сонссон. 


-Сургалтаар оюутнууд ямар мэдлэг олж авсан бол?

-Лекцийн агуулгатай холбож хэлэхэд коронавирусний талаар үнэн зөв мэдээллийг бэлтгэж хүргэх талаар ярилаа. Энд их хэмжээний дата мэдээлэл хэрэгтэй байдгийг хэлж байна. Хамгийн гол нь тэр мэдээллээ яаж задлан шинжилж, тайлбар өгөх нь чухал юм гэдгийг манай оюутнууд сонсож сурлаа. Ямар өнцгөөс хэрхэн, яаж мэдээлэх гээд сэтгүүлчийн ур чадвар, арга техникийг тодорхой талбартайгаар оюутнууд мэдэж авсан. Гол нь хөрш орны туршлагатай, шилдэг сэтгүүлчид өөрсдийн бодит туршлага, тодорхой мэргэжлийн арга зүйгээ жишээ баримттайгаар тайлбарлаж өгөхөөр ойлгомжтой, сэтгэлд бууж үлдсэн байх.


-Тэгвэл сургалт үр дүнтэй, ач холбогдолтой болсон гэж  дүгнэж байна уу?

-Мэдээж энэ бол МОНЦАМЭ “Россия Сегодня”  агентлагуудийн хамтын ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээний үр дүнтэй ажлын нэг яах аргагүй мөн. Ялангуяа, олон улсын мэдээллийн томоохон агентлагийн шилдэг нэр хүндтэй сэтгүүлчдийн мэдлэг, арга туршлагаас сонсож, хүртэх нь оюутнуудын хувьд том боломж юм. Сэтгүүл зүйн мэргэжил эзэмшихэд практик давамгайлсан сургалт чухал. 

Тэгвэл ийм бодит туршлагатай сэтгүүлчдийн халуун яриа, тодорхой мэдлэг, туршлагаас оюутнууд маань суралцах нь манай сургалтыг дэмжсэн чухал алхам боллоо. Энэ утгаараа манай тэнхимийн сургалтын гадаад хамтын ажиллагаанд ч бодит үр дүнгээ өгч байна. 

“Холын хүний үг сонс” гэдэг дээ. Олегийн лекцээс том агентлагийн шилдэг сэтгүүлч, редакторууд яаж ажиллаж байгааг сонсож мэдэж авсан төдийгүй сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд мэргэжлийн итгэл үнэмшил нь нэмэгдэж, урам зориг нэмсэн гэдэгт эргэлзэхгүй байна. 


-Цахим сургалт болохоор хүндрэл бэрхшээл гарав уу. Онцлог байв уу? 

-Мэдээж хэрэг манайд цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хорионы нөхцөл байдлаас болоод оюутнууд бараг бүтэн улирал семестр цахимаар хичээллээ. Цахимаар суралцаж дадсан гэх үү дээ. "Россия Сегодня" агентлагийн нөхөд энэ удаа ирж чадаагүй ч нөхцөл байдлыг даван туулж, ээлжит лекцээ зохион байгуулсан нь цахим сургалтын давуу тал шүү дээ. Мөн zoom программ ашиглаж явуулсан цахим лекцийг хадгалж үлдэх боломжтой байдаг. Бидэнд бас сургалтын нэг хэрэглэгдэхүүн болж үлдсэн гэсэн үг. 


Тодруулга: Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон ОХУ-ын "Россия Сегодня" агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлзүйн эхний сургалт 2019 оны 11 дүгээр сард МУБИС-ийн сэтгүүл зүйн оюутнуудад болсон юм. Олон улсын сэтгүүлч нарт зориулсан харилцан туршлага солилцох "СПУТНИКПРО" хөтөлбөрийн хүрээнд "Россия Сегодня" агентлагийн сэтгүүлчид "Халуун цэг дээр хэрхэн сурвалжлага бэлтгэх, эх сурвалжуудыг хэрхэн олох тухай" лекцийг мөн уншиж байв.

Холбоотой мэдээ