Вьетнам цар тахлын улмаас хохирсон ажилтнууддаа дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 13:37:51

ХАНОЙ. /TASS/. Вьетнамын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам коронавирусний цар тахлын улмаас хохирол амссан ажилтнуудад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулжээ.


Багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд зориулж 1.2 тэрбум орчим ам.долларыг зарцуулах аж.


Вьетнамын улсын статистикийн газрын мэдээлснээр, он гарснаас хойш цар тахлын үр дагаврын улмаас 540 мянга гаруй хүн ажлын байраа алдаж, 3.1 сая гаруй хүн ажил эрхлэлтийн зогсонги байдалтай тулгарч, 6.5 сая орчим хүний цалингийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна.


Эдийн засгийн хямралд өртөгсдөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн яам нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг түр хугацаагаар бууруулахыг ажлын байрандаа үлдэж чадсан ажилтнуудад санал болгожээ. Харин ажлын байраа алдсан, цомхтголд өртсөн хүмүүст ажил хайх хугацаанд нь сар бүр 80 орчим ам.доллар олгох аж. Түүнчлэн ажлын байраа алдсан жирэмсэн юмуу 6-аас доош насны хүүхэдтэй эмэгтэйчүүд нэмж 1 сая донго буюу 43 ам.долларын тэтгэмж олгох юм байна.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр, вьетнам эмэгтэйчүүд нэлээд хохирол амссан эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлал, бөөний худалдаа үйлчилгээ, хөнгөн аж үйлдвэрт ажиллах хүчний тал гаруй хувийг бүрдүүлдэг учир цар тахлын үр дагаварт хамгийн хүчтэй өртжээ.

Холбоотой мэдээ